Францын ерөнхийлөгч Э.Макрон лхагва гарагт Елисейн ордонд Украины ерөнхийлөгч В.Зеленскийг хүлээн авч уулзахдаа Европын зүгээс Украинд олгох аюулгүй байдлын баталгаа бэлэн болсныг дуулгажээ.
Улмаар пүрэв гарагт Европын удирдагчид Парис хотноо Украины төрийн тэргүүнтэй уулзаж, Киевт олгох аюулгүй байдлын баталгааг танилцуулахаар болсон байна.
Э.Макрон Украины төрийн тэргүүнтэй хийсэн уулзалтын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ, дайныг зогсоох энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Европын зүгээс Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхөд бэлэн болсныг онцлов.
Тэрээр Украинд олгох аюулгүй байдлын баталгааг боловсруулах бэлтгэл ажлыг Европын батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар бүрэн гүйцэтгэсэн бөгөөд нарийн ширийн зүйл заалтууд нь “маш нууц” гэдгийг тодотгожээ.
“Бид Украин болон Европчуудын хувьд бат бөх, байнгын энх тайван тогтооход бэлэн байна, одоо харин Оросын талын жинхэнэ байр байдлыг мэдэх нь хамгийн гол асуудал болж байна” хэмээн Францын ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Украины ерөнхийлөгч В.Зеленский Оросын талаас дайныг зогсоож өндөрлүүлэх ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй болохыг мэдэгджээ.
НАТО-гийн аюулгүй байдлын дүрэмтэй ижил төстэй аюулгүй байдлын баталгааг Украинд гаргаж өгөх талаар Европын удирдагчдын зүгээс өмнө нь мэдэгдэж байсан юм. Хэдийгээр Украины удирдагчид аюулгүй байдлын баталгааны талаар ам нээхээс татгалзаж, нууцалж байгаа ч Украинд Европын цэргийг оруулах, Европын цэрэг армийн сургуулилалт явуулах, мөн АНУ-аас дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлууд багтаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Харин лхагва гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдсон Ялалтын баярын 80 жилийн ойд зориулсан цэргийн парадад оролцсон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин уг ёслолын арга хэмжээний дараа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзаж, Орос-Умард Солонгосын харилцаа бүрэн итгэлцэл, найрамдлын хүрээнд холбоотны түвшинд хүрч очсонтой ялгаагүй болсныг онцолж, үүнд өнгөрсөн жил байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ болон Оросын Курск мужид Украины эсрэг тулалдсан Умард Солонгосын цэргүүдийн баатарлаг гавьяа нөлөөлснийг тодотгожээ.
Хариуд нь Ким Жон Ун ОХУ-ын ерөнхийлөгчид чадах чинээгээрээ туслахад бэлэн байгаагаа хэлж, “энэ бол ахан дүүсийн үүрэг хариуцлага” хэмээн онцолсон байна.
Ким, Путин нарын уулзалт хоёр цаг хагасын хугацаанд үргэлжилсэн ба үүний нэг цаг орчимд нь тэд зөвхөн орчуулагчдын хамт нүүр тулсан, хаалттай яриа хэлэлцээ явуулсан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдээллээ. Мөн тэрээр В.Путин Ким Жон Уныг Москвад айлчлахыг урьсан болохыг мэдээлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин лхагва гарагт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ улс орон бүр эдийн засгийн хөгжлийн замаа сонгох эрхтэй, тэр тусмаа ЕХ-нд элсэх эрх нь чөлөөтэй, харин Украины НАТО-д буюу цэргийн эвсэлд элсэхийг эсэргүүцэж байна гэдгээ дахин илэрхийлж, сайн бэлтгэлтэй, энхийн хэлэлцээрийн нөхцлийг зөвшөөрсөн тохиолдолд Украины ерөнхийлөгчтэй уулзахад бэлэн гэв.
Хэрэв Украин улс хэлэлцээрийг зөвшөөрөхгүй бол Орос улс энэ дайны бүх зорилгоо биелүүлэхийн төлөө тэмцэж, дайтахад бэлэн байна гэж В.Путин мэдэгджээ.