Зарим эцэг эхчүүд “Хүүхдээ жаахан томрохоор нь дүүг нь гаргаж өгнө. Харчихна биз. Ойрхон төрвөл хүүхэд хүүхдээ хараад, хамт өсөхөд болно” гэх зэргээр ярьдаг. Гэвч энэ нь айлын том хүүхдүүдэд сэтгэл санаа, бие махбодын дарамт болдог байна. Үүнээс шалтгаалан айлын томууд гадуурхагдсан мэдрэмж авч, “Би бусад хүнийг авч явах ёстой. Дүүгээ харах ёстой” гэсэн сэтгэл зүйтэй болдог. Ийм хүүхэд өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй байна. Энэ талаар мэргэжлийн сэтгэлзүйчтэй ярилцлаа.
–Ээжийгээ дахин хүүхэд төрүүлэхгүй байхыг гуйж буй өсвөр насны казах охины бичлэг нийгмийн сүлжээнд тархаж, олны анхаарал татсан. Дүү нараа харсаар байгаад ядарч буй тухайгаа охин уйлан хэлж байсан. “Хүүхдээ томрохоор нь дүүг нь гаргаад харуулна” гэх яриа бидний эргэн тойронд зөндөө сонсогддог. Тэгвэл энэ нөхцөл байдал айлын том хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Сайн байцгаана уу. Намайг Н.Ариун-Эрдэнэ гэдэг. Сэтгэлзүйч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ 10 дахь жилдээ ажиллаж байна. Мэдээж монголчууд өнөр өтгөн амьдрах дуртай. Зарим аав, ээж үг алддаг. Том хүүхдэдээ “Чамайг том болохоор дүү төрүүлж өгнө. Харчихна биз” гэж хэлдэг. Гэвч энэ нь айлын том хүүхдүүдэд сэтгэл зүй, бие махбодын дарамт болдог гэдгийг зарим аав, ээж мэддэггүй. Зарим нь анзаараагүй, мэдэж байгаа ч гэсэн хэрхэн яаж арга хэмжээ авахаа мэдэхгүй байх нь олонтаа.
Маш олон айлын том хүүхдүүдтэй уулзахад сэтгэл зүйн болон бие махбодын ачаалал ирдэг гэдгийг хэлдэг. Тэдний сэтгэл санааг ажиглахад гэрийн ажлаас, дүү нараа харахаас, эцэг эхээс ирэх үүрэг хариуцлагыг хүлээж авахаас халшрамтгай, ууртай болсон байдаг нь түгээмэл. Үүнийг ээж, аав нар мэддэггүй. Мэддэг ээж, аав бий. “Би хүүхдийнхээ ачааг багасгах хэрэгтэй юм байна. Зарим ачааллыг би өөрөө авах хэрэгтэй юм байна” гэдгийг төвөггүй ойлгочихдог хэсэг ч байдаг. Амьдралын шаардлага, эдийн засгийн боломжгүй байдал зэргээс хоёулаа ажиллах, хүүхдээ харахгүй байх олон нөхцөл байдал үүсдэг. Мэдээж том хүүхэд дүүгээ харна л даа. Гэхдээ хүүхдэд чөлөөт цаг гаргаж өгөх, ярилцах сэтгэл санааг нь дэмжих, хувийн орон зайд нь амраадаг байх нь маш чухал.
–Айлын том хүүхдүүдэд сэтгэлийн яг ямар дарамт ирдгийг та мэргэжлийн хүний зүгээс тайлбарлаж өгөөч.
Тэд ихэвчлэн “Надад тоглох орон зай, цаг хугацаа байдаггүй. Хичээлээ хийж чаддаггүй байсан. Гэсэн ч эцэг, эх маань “Онц сур. Яагаад гэрийн даалгавраа хийхгүй байгаа юм бэ” гэж загнадаг байсан. Үнэндээ надад цаг зав байгаагүй” гэж хариулдаг.
Айлын томууд амьдрал дээр гарч ирэхээрээ өөрийгөө хаячихдаг. Сэтгэл санаа нь “Би бусад хүнийг авч явах ёстой” гэж ажилладаг учраас энэ нь өөрийгөө хаях хамгийн том шалтгаан болдог. Өөрийгөө анзаарахгүй, сэтгэл санааны хувьд хүнд байдалд байгаа хэрнээ өөрийгөө хайрлаж сураагүй байдаг. Аав, ээж нар “Миний охин, хүү чухал шүү” гэж ойлгуулаагүй. “Чи яагаад дүүгээ харахгүй байгаа юм бэ. Гэрийнхээ ажлыг яагаад хийхгүй байгаа юм бэ” гэдэг байдлаар харилцаж ирсэн учраас тэр хүүхэд өөрийгөө хайрлаж сураагүй.
Мөн нэг хэцүү зүйл хэлэхэд, энэ хүмүүс их хүнд өвдчихсөн байдаг. Надад энийг хэлэхэд хүнд байгаа шүү. Бие махбодын талаас хорт хавдраар өвддөг, сэтгэл санааны хувьд чөлөөтэй биш, баригдмал сэтгэлтэй байдаг. “Эгч нь чиний төлөө зөндөө хичээлээ. Одоо чи өөрийгөө авч яваарай. Надад бас хувийн амьдрал байгаа шүү” гэж хэлж чаддаггүй. Жишээлбэл: Надад нэг ийм явдал тулгарсан. Ээж нь хүүдээ “Миний хүү эр хүн учраас дүү нараа харж, хамгаалж явна шүү” гээд хэлчихсэн. Ингээд тэр хүү амьдрал дээр дүү нараа нэг бүрчлэн харж, хамгаалж ар гэрийн бүх асуудлыг нь шийдэж явдаг. Мэдээж эхнэр нь уурлана шүү дээ, “Ингэж болохгүй” гээд. Харин нөгөө талд “Ээж маань надад найдсан, итгэсэн. Охин дүү нараа хамгаалж яваарай гэсэн учраас би ингэж байгаа” гээд зөрчил үүсдэг.
Мэдээж өнөр өтгөн, олуулаа амьдрахыг хүсдэг хүмүүс олон бий. Гэхдээ гэр дотор байгаа үүрэг хариуцлагыг тэгш хуваарилах шаардлагатай. Хүн бүхэнд өөрийн гэсэн оролцоо, үүрэг хариуцлага гэж бий учраас тэрийг нь үүрүүлэх хэрэгтэй. Мөн хүүхэд бүртэйгээ маш сайн ярилцаж, буруу зөрүү ойлголт байвал засаж, өөрийгээ ойлгуулж, сэтгэл санааны хувьд дэмжих хэрэгтэй. Жишээлбэл: Миний хүү хичээж байгаа шүү. Ээж нь хүүгээрээ бахархдаг. Чи надад маш их тус хүргэж байна. Одоо миний хүү амраарай. Найзуудтайгаа тоглоорой. Заримдаа зүгээр сууж болно шүү” гэж хэлж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг байгаарай гэж хэлмээр байна.