Израилын засгийн газар болон зэвсэгт хүчний эхлүүлээд буй Газа хотыг бүрэн эзлэх довтолгооны үеэр Палестины 1 сая иргэн орон гэргүй болж болзошгүй талаар Израилын зэвсэгт хүчний ахлах Эял Замир лхагва гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн сарын сүүлээс эхлүүлээд буй Газа хотыг эзлэх довтолгоог улам нэмэгдүүлж, байлдааны ажиллагааг эрчимжүүлж байгааг мөн Израилын армийн зүгээс гаргасан мэдэгдэлд онцолжээ.
НҮБ-ын тооцооллоор өлсгөлөнд нэрвэгдээд буй Газа хотод болон хотын ойр орчимд өнөөдрийн байдлаар 1 сая хүн амьдарч байгаа ажээ.
Израилын батлан хамгаалах яамны гадаадын иргэний асуудал эрхэлсэн албаны зүгээс одоогийн байдлаар 70 мянга орчим оршин суугч Газа хотын хойд бүсийг орхин гараад байгааг мэдээлсэн байна.
Израилын дайралтын үеэр энгийн иргэд өдөр бүр амиа алдаж байгаа бөгөөд зөвхөн лхагва гарагт л гэхэд 62 хүн Израилын довтолгоонд өртөн амь үрэгджээ.
Ийнхүү Палестины хамгийн том хот болох Газа хотыг эзлэх Израилын цэргийн ажиллагаа үргэлжилж байх үеэр Израилын Иерусалим хотод олон мянган хүний жагсаал болж, гал зогсоож барьцааны хүмүүсийг буцааж авчрах гэрээ хэлцэл байгуулахыг Б.Нэтаньяхугийн засгийн газарт уриалан шаардаад байна.
2 жил орчим үргэлжилж буй Израил-Хамасын дайны явцад Газын зурвасын 2 сая гаруй хүн ам хамгийн багадаа нэг удаа орон гэрээсээ дайжсан ажээ.
Дайн эхлэх шалтгаан болсон 2023 оны 10-р сард Хамас бүлэглэлийн Израилын хилийг давж орсон гэнэтийн довтолгооны улмаас 1219 хүн Израилд амь үрэгдэж байсан бол дайн эхэлснээс хойш Газын зурваст амь үрэгдсэн палестинчуудын тоо 63,746 хүрсэн байна.