БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун лхагва гарагт Бээжин хотноо зохиогдсон ялалтын баярын 80 жилийн ойн цэргийн парадад ирж оролцохдоо өөрийн охин Ким Жу Э-гийн хамт ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд гадаад улс оронд айлчлаагүй Умард Солонгосын удирдагчийн хувьд өсвөр насны охиноо дагуулан ирсэн явдлыг олон улсын ажиглагч, шинжээчид онцлоод байна.
Эцгийнхээ хамт Умард Солонгосын зэвсгийн туршилтыг олон удаа ирж үзэж, олон улсад танигдсан Ким Жу Э-гийн хувьд Ким Жон Уны БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлалд багтсан нь олон улсын томоохон арга хэмжээнд дагалдан ирж байгаа анхны тохиолдол болж байна.
Шинжээчид үүнийг зүгээр ч нэг тохиолдол биш, харин БНАСАУ-ын удам дамжсан төр засгийн удирдлагын залгамж халааг шилжүүлэн өгөх төлөвлөгөөний дохио болж байна хэмээн үзлээ.

Анхандаа нууцалж байсан Ким Жу Э охиныг Америкийн сагсан бөмбөгч, NBA од тамирчин Деннис Родман 2013 онд Пхеньянд айлчилсны дараа илчилж байсан юм. Ким Жон Ун түүнтэй уулзахдаа эхнэр Ри Сол Жу болон охиноо танилцуулж байжээ. Харин дараа нь охины нэрийг Жу Э гэдэг талаар Өмнөд Солонгосын тагнуулын албаны зүгээс мэдээлж байсан бол 2022 онд Ким Жон Ун охиныхоо хамт зэвсгийн туршилтыг үзэж сонирхсноор дэлхий нийт түүний охины дүр төрхийг анх удаа харж байсан билээ.
Сүүлийн жилүүдэд Умард Солонгосын төрийн төв хэвлэл мэдээллийн агентлаг Ким Жу Э охиныг “ард түмний хайртай хүүхэд”, “эрхэм хүүхэд” гэж нэрлэн мэдээлэх болж, ахмад настнууд охинд бөхийн ёсолж байгаа үйл явдлын мэдээллийг дамжуулах болжээ.
Харин энэ удаад Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ, цэргийн парадад ирж оролцох БНАСАУ-ын удирдагчийн айлчлалд Ким Жу Э охин дагалдан ирсэн явдлыг экспертүүд Жу Э-г олон улсын хэмжээнд таниулах зорилготой, Кимийн гэр бүлийн тооцоолсон алхам гэж тайлбарлаж байна.
2024 онд Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба Жу Э-г дараагийн залгамжлагч байх хамгийн өндөр магадлалтайг анх удаа хүлээн зөвшөөрсөн юм.