Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн Археологийн малтлага судалгааны баг, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн судлаачид хамтран, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Мазар багийн нутагт орших эртний хотын туурийг малтан судалжээ. Уг туурь бол эртний нууцлаг хотынх гэдгийг 1957 онд нэрт археологич Хөдөөгийн Пэрлээ нутгийн ард олны аман ярианд тулгуурлан, тэмдэглэж үлдээсэн байдаг аж.

Энэ туурийг үүнээс өмнө мэргэжлийн судлаач малтан судалж байгаагүй. Анх удаа хийсэн эл судалгаагаар агаарын зураглал, хотын дэвсгэр зургийг гаргаж, хотын хоймор хэсгийн барилгын үлдэц дээр сорилтын малтлага хийлээ.

Судалгаагаар Юань гүрний (1271–1368) үед холбогдох шаазан, шавар савны хагархай, тэрэгний цөн, төмөр хутга, анжисны хошуу зэрэг ахуйн хэрэгсэл илэрчээ. Мөн Өмнөд Сүн улсын (XI зуун) үеийн зоос илэрсэн нь тухайн үед Монголын нутгаар дамжин худалдаа, солилцоо өрнөж байсныг илтгэх түүхэн ховор олдворт тооцогдож байна.

