Өдгөө 79 настай, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын эрүүл мэндийн байдал муудлаа гэсэн худал мэдээллүүд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас хойш цахим орчинд тасралтгүй цацагдсаар байна.
Цагаан ордны зүгээс дээрх мэдээллүүдийг няцаасан мэдэгдлийг энэ долоо хоногийн мягмар гарагт хийсэн хэдий ч Трампын эрүүл мэндийн талаарх батлагдаагүй мэдээллүүд зогсохгүй байгаа ажээ.
Дээрх мэдээллүүдийг “худал мэдээлэл” хэмээн няцаасан мэдэгдлийг мягмар гарагт Д.Трамп өөрөө хийсэн байна.
Гэвч “Трамп үхсэн” гэсэн хэштэгтэй, түүнийг маш хүнд өвчин туссан тухай төөрөгдүүлсэн зураг бүхий худал мэдээллүүд тархсаар байгаа бөгөөд иймэрхүү мэдээллүүд өнгөрсөн баасан гарагаас хойш Х хуудсанд 100 гаруй мянган удаа дурьдагдаж, үзэлтийн тоо нь 35.3 саяыг давжээ.

Трампыг Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит үндэсний цэргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа, тийм ч учраас эмнэлгийн ойролцоох замуудыг хаасан гэж зарим мэдээлэлд бичсэн бол зарим нь Цагаан ордны гадна түргэний автомашин зогсч буй зургийг тавьж, өнгөрсөн сард Трампын бие муудсан гэх зэргээр бичжээ. Харин зарим нь бүр Трампыг нас барсан гээд АНУ-ын туг далбааг хагас бөхийлгөсөн Цагаан ордны зургийн хамт нийтэлсэн байна.
Гэтэл мэдээллийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулдаг NewsGuard байгууллагын зүгээс Цагаан ордны гадна түргэн тусламжийн машин байгаа зургийг 2023 оны ерөнхийлөгч Ж.Байдены засаглаж байх үеийн зураг болохыг, мөн туг бөхийлгөсөн зургийг Миннеаполис хотын сургуульд гарсан галт зэвсгээр үйлдсэн халдлагатай холбогдуулан хохирогчдын дурсгалыг хүндэтгэх үүднээс Трампын шийдвэрийн дагуу бөхийлгөсөн зураг болохыг тогтоожээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн эрүүл мэндийг тогтмол шалгаж байдаг бөгөөд журмандаа ерөнхийлөгчийг бие физиологи болон оюун ухаан, сэтгэц мэдрэлийн шинжилгээнд тогтмол хамруулдаг байна.