Лхагва гарагт Португалийн нийслэл Лиссабон хотын алдарт Глориа дүүжин тээвэр осолдсоны улмаас 15 хүн амь үрэгдэж, 18 хүн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ.
Жуулчдыг олноор нь татдаг, Лиссабон хотын өгсүүр хэсэгт байрлах “Gloria Funicular” дүүжин тээвэр орон нутгийн цагаар лхагва гарагийн оройны 18:00 цагт замаасаа гарч осолдсон ба амиа алдсан алдсан хүмүүсийн дунд гадаад улс орны иргэд багтсан, мөн бэртэж гэмтсэн 5 хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар албаныхны зүгээс мэдэгдлээ.
Дүүжин тээвэр осолдох үед 40 гаруй хүн зорчиж явсан ажээ. Эрх баригчдын зүгээс ослоор амь үрэгдсэн хүмүүсийн нэр, иргэншлийн талаарх мэдээллийг зарлаагүй байна.

“Манай хотын хувьд эмгэнэлт өдөр тохиолоо…Лиссабон хот гашуудаж байна” хэмээн Лиссабон хотын дарга Карлос Моедас сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ хэлсэн бол тус улсын ерөнхийлөгч Марсело Ребело де Суса хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг түргэн хугацаанд олж тогтооно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Цагдаа болон ерөнхий прокурорын албанаас ослыг мөрдөн шалгах ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна. Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээг хариуцдаг Carris компанийн зүгээс осолтой холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ, “өдөр тутамд, долоо хоногт, сардаа хийгддэг бүх засвар үйлчилгээ, хяналт шалгалтууд журмын дагуу хийгдсэн” гэжээ.
Осолтой холбогдуулан Португал улсын засгийн газраас пүрэв гарагийг үндэсний хэмжээний гашуудлын өдөр болгон зарлаж, өнөөдөр улс орон даяараа гашуудаж байна.
“Gloria Funicular” дүүжин тээврийн сүлжээ нь 1885 онд нээгдэж байсан түүхтэй ба жилд 3 сая хүн зорчдог нийтийн тээвэр ажээ.