horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Аргентины цагдаа нар нацистуудын хулгайлсан “Хатагтайн хөрөг” хэмээх уран зургийг олжээ

post-img

Дэлхийн хоёрдугаар дайны үед Европоос хулгайлагдан алга болж байсан XVIII зууны үеийн уран зургийг Аргентины цагдаа нар олсон байна.

Италийн уран зураач Жузеппе Гисландигийн бүтээл болох “Хатагтайн хөрөг” хэмээх уран зураг одоогоос 80 жилийн өмнө алга болж байсан ажээ.

Харин өнгөрсөн сард уг уран зураг Аргентины нэгэн үл хөдлөхийн зуучийн вебсайт дээр худалдаалахаар тавигдсан байшингийн зартай хамт нийтлэгдсэн фото зургуудын дунд хананд өлгөөтэй байсан нь харагдсан байна.

Уран зургийн хэрэг дээр ажилласан урлагийн эксперт Ариел Бассано хэлэхдээ, “1710 онд зурагдсан бүтээл гэхэд маш сайн хадгалагдсан” гээд, ойролцоогоор 50 мянган ам.доллароор үнэлжээ. 

Тухайн байшин нь дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Аргентин руу оргон зайлсан нацист Фридрих Кадгиены охины нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх байсан байна. Түүний эцэг Фридрих Кадгиен агсан нь Адольф Гитлерын туслах Герман Герингийн зөвлөх байсан ажээ.

Прокуроруудын зүгээс хатагтай Кадгиеныг нөхрийнх нь хамт даваа гарагаас эхлэн гэрийн хорионд оруулсан ба пүрэв гарагт тэдэнтэй холбогдох хэргийн сонсгол явагдахаар болжээ. Албаныхны зүгээс тэднийг “геноцидын үеэрх хулгайн хэргийг нуун далдалсан” хэрэгт буруутган, ял оноож болзошгүй талаар мэдээлжээ.

Тэдний зүгээс уг уран зургийг өвлөж авсан тул хууль ёсны дагуух жинхэнэ эзэд нь мөн гэсэн байр суурийг илэрхийлж байгаа бол өмгөөлөгчийнх нь зүгээс Кадгиены гэр бүлийг эрх баригчидтай хамтарч ажиллана гэдгийг Ла Капитал сонинд ярьсан байна.

Аргентины прокурорууд мөн хатагтай Кадгиены дүүгийн гэрт нэгжлэг шалгалт хийх үеэрээ XIX-р зууны үеийн хоёр зураг, хэд хэдэн гар зураг, сийлбэр олдсон бөгөөд тэдгээр нь дайны үед хулгайлагдсан эд зүйл мөн эсэхийг тогтоохын тулд шинжилнэ хэмээн мэдэгдсэн байна.

0/1000