Өнгөрөгч 8 дугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -1.6°С-аар хүйтэн, олон жилийн дунджаас 0.3°С-аар дулаан байсан бол 1940 оноос хойш тохиолдож байгаа 15 дахь дулаан сар болсон тухай ОБЕГ-ын Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтэс мэдээллээ.
Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нийт нутгийн дийлэнх буюу 81.4 хувь нь дунджийн орчим, 17.8 хувь нь дунджаас 1.1–ээс 3°С-аар дулаан, 0.8 хувь нь дунджаас хүйтэн байжээ.

Монгол орны хэмжээнд дунджаар 44.3 мм хур тунадас оров. Энэ нь өмнөх жилээс 33.4 хувь, олон жилийн дунджаас 3.01 хувиар тус тус бага юм. 1940 оноос хойш тохиолдож байгаа 38 дахь бага тунадастай сар болж өнгөрлөө.
Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 55.8 хувь нь дунджаас бага, 31 хувь нь дунджаас ахиу, 13.2 хувьд дунджийн орчим хур тунадас унасан байна.