Дархан-Уул аймгийн Шарынгол сумын сурагчид шинэ автобустай боллоо. Тус аймгийн ЗДТГ-аас 2017 онд Дархан, Шарынгол сумын сургуульд автобус авч өгөн, сурагчдыг зөөдөг болсон байна. Тэдгээр автобус эдүгээ чанарын шаардлага хангахгүй болсон аж. Тиймээс “Боловсрол 2032” хөтөлбөрийн хүрээнд өнөө жил эдгээр сургуулийн автобусыг шинэчиллээ.
БНХАУ-д үйлдвэрлэсэн “Foton” маркийн энэ автобусыг төсвийн 185 сая төгрөгөөр авчээ. 28 хүүхдийн суудалтай энэ шинэ автобусыг 9-р сарын 1-нд тус сургуульд хүлээлгэн өгчээ. Энэ автобусаар зөвхөн сургуулийн сурагчдыг тээвэрлэнэ. Шарынгол сумын сургуульд 1800 сурагч суралцаж байна.
