АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Н.Билгүүнтэй донтолтын талаар ярилцлаа.

——————————————————————————–
-Донтолт гэж юу вэ. Ямар төрлүүдтэй байдаг вэ?
-Донтолт гэдэг нь хүн аливаа бодис, үйлдэл, зан үйл гэх мэт зүйлсэд хэт автаж, хяналтаа алдаж, түүнээсээ сэтгэл зүйн болон бие махбодын хамааралтай болохыг хэлнэ. Донтох эмгэг нь хоёр төрөлтэй. Нэгдүгээрт, бодисын донтолт буюу ямар нэгэн бодис, сэтгэцэд нөлөөлөх тамхи, кофе гэх мэт зүйлсээс хамааралтай болох юм. Хоёрдугаарт, инпулсив эмгэг байна. Жишээлбэл, сүүлийн үед хамгийн их тархалттай байгаа мөрийцөх дон орно. Өөрөөр хэлбэл, мөрийтэй цахим тоглоом дээр мөрий тавихыг хэлж байгаа юм.
-Донтолт ямар эрсдэлт хүчин зүйлсэд хүргэдэг вэ?
-Ямар хэлбэртэй донтолт вэ гэдгээсээ хамаараад олон төрөлтэй. Жишээлбэл, хүүхэд насандаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх яригдана. Ялангуяа бэлгийн хүчирхийлэл эмэгтэй хүүхдэд хамгийн ихээр нөлөөлдөг. Түүнчлэн багадаа эцэг эхийнхээ гар дээр өссөн үү, эсвэл өвөө эмээ дээрээ өссөн үү гэдэг ч хамааралтай. Ямар нэгэн донтолттой холбоотой гэр бүлд өссөн хүүхдийн хувьд донтох эрсдэл өндөр байдаг. Архинд донтох эмгэгтэй хүний хүүхэд архи, эсвэл өөр зүйлд донтох магадлал өндөр байна гэсэн үг.
-Донтолт нь хүйс нөлөөлөх үү?
-Нөлөөлнө. Донтогчдын дийлэнх нь эрэгтэй хүмүүс байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд эрсдэлтэй туршилт хийх байдлаар донтолт үүсдэг. Харин эмэгтэйчүүдэд стресс, сэтгэл зүйн дарамттай холбоотой хэрэглээгээр донтолт эхэлдэг. Мөн сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн, орчны гэх мэт хүчин зүйлс байна. Нийгмийн хүчин зүйлсэд нь эцэг эхийн хандлага, хүүхдийн суурь хүмүүжил, хайр халамжийн дутагдал, хүүхдийг үл хайхрах байдал зэрэг орно. Найз нөхөд, хамт олон ч чухал байр суурь эзэлдэг. Ажилгүйдэл, ядуурал, боловсролын түвшин доогуур байх, хууль эрх зүйн орчин сул гээд нийгмийн олон хүчин зүйл бий. Орчны хүчин зүйлд хөдөө орон нутгийнх, эсвэл тухайн амьдарч буй бүс нутагт нь цэнгээний газар, шөнийн клуб хэр их байдаг зэрэг хамаарна. Хамгийн том хүчин зүйл нь бодисын хүртээмжийн асуудал юм. Өөрөөр хэлбэл архи тамхи, хууль бус мансууруулах бодис хэр зэрэг хүртээмжтэй байдаг гэх мэт. Дээр нь манай монголчуудын нэг хэвшмэл буруу ойлголт байна.
-Тэр нь юу юм бол?
-Айргийг ерөөсөө архи гэж боддоггүй. Энэ бол монголчуудын дунд хамгийн түгээмэл буруу ойлголт юм. Согтууруулах ундаа гэдгийг ойлгодоггүй. Бага насны хүүхдэд айраг их өгдөг. Хүн бага насандаа архи согтууруулах ундааны төрлийн бодис хэрэглэвэл төдий чинээ тухайн зүйлд донтох эрсдэл өндөр байдаг. 25 настай хүн, 15 настай хүүхэд хоёр согтууруулах ундаа хэрэглэх нь тэнгэр, газар шиг зөрүүтэй. Бага насандаа согтууруулах ундаа хэрэглэж байсан бол донтогч болох магадлал эрс нэмэгдэнэ. Яагаад гэвэл бидний тархин дотор байгаа урамшууллын системийн хөгжилтэй холбоотой. Хүний тархи 25 насандаа бүрэн хөгжиж дуусдаг. Харин үүнээс өмнө архи согтууруулах ундааны төрлийн бодис хэрэглэх нь донтох магадлалыг хүчтэй нэмэгдүүлдэг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, намайг бага байхад хүүхдэд бараашиг их өгдөг байсан. Энэ бүтээгдэхүүн ялгаагүй спиртийн агууламжтай. Харин айргийг уламжлалт цагаан идээ гэх байдлаар ханддаг. Мэдээж, манай уламжлалт бүтээгдэхүүн мөн. Гэхдээ согтууруулах төрлийн ундаа гэдэг талаас нь хүлээн зөвшөөрч цензуртэй хандах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-Сүүлийн үед СЭМҮТ дээр ямар төрлийн донтолт давамгайлж байна вэ?
-Ер нь манай улсад архинд донтох эмгэг нэлээн өдөр тархацтай байгаа. Манай эмнэлэгт ирж байгаа нийт дуудлагын 80-90 орчим хувийг архинд донтох эмгэг эзэлж байна. Эмнэлэгт хандаж байгаа насны байдлаар авч үзвэл ихэвчлэн насанд хүрэгчид байдаг. Манай эмнэлэгт хамгийн их ирдэг архинд донтох эмгэгийн хувьд 30 гаруй насныхан дийлэнх хувийг эзэлдэг. Харин хууль бус мансууруулах төрлийн бодисыг харьцангуй залуу насныхан хэрэглэх хандлагатай байна.
-Өөр сонин, содон донтолт илэрсэн үү. Сүүлд шигтгээ наахад донтсон гэх мэдээлэл байсан.
-Үүнийг хэвийн бус байдал буюу дурын гажуудал гэж үздэг юм. Үүнд шигтгээ наахаас гадна наалт наах, мөрийтэй тоглох, хулгай хийх, үсээ зулгаах донгууд орно. Мөн бусад дон гэх олон улсын ангилал байдаг. Бүр хүн алах дон ч байх жишээтэй. Сүүлийн үед мансууруулах бодисын донтолт нэлээн түгээл тохиолдох боллоо.
-Үсээ зулгаах дон гэлээ. Сэтгэл гутрал, донтолт хоёр ямар холбоотой юм бэ?
-Донтолттой хүмүүс тухайн бодисоо хэрэглэхээ болих буюу тэвчих үедээ сэтгэл гутралд ордог. Мөн сэтгэл гутралтай хүмүүс зовууриа намдаахын тулд ямар нэгэн төрлийн бодис хэрэглэх тохиолдол бий. Түүнчлэн өвөрмөц донтолтод тестостерон буюу стеройд төрлийн бодисыг өөртөө тарьж хэрэглэх орно. Энэ нь булчингийн массыг маш хурдтай нэмэгдүүлдэг у чраас тухайн хүн бие махбоддоо сэтгэл ханамжтай байдаг. Гэхдээ өндөр тунгаар хэрэглэвэл донтолтод ч хүрч болно. Миний мэдэхээр СЭМҮТ-д ийм тохиолдол нэг удаа хандаж байсан.
-Донтолтоо даван туулж буй хүний сэтгэл зүйн байдал болон хамгийн нийтлэг алддаг зүйлийн талаар ярихгүй юу?
-Донтох өвчин гэдэг бол архаг өвчин. Олон жил үргэлжилдэг. Архинаас гарч байгаа хүн хэсэг уухгүй байж байгаад дахин уудаг. Тэгээд уусандаа харамсдаг. Сэтгэл зүйн хувьд амьдралаа баллалаа, дэмий зүйл хийлээ гээд өөрийгөө буруутгадаг. Хэсэг хугацаанд гэмшиж байгаад дахиад л архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн хэрэглэнэ. Тиймээс энэ үед дахин архи хэрэглэхгүй тэвчих, өөрийгөө хянах л хамгийн чухал юм. Донтолтын эмчилгээ гурван тулгуур багана дээр тогтдог гэж хэлж болно. Нэгдүгээрт, эмийн эмчилгээ, хоёрдугаарт, сэтгэл заслын эмчилгээ, гуравдугаарт, нийгмийн эрэлт хэрэгцээ. Сэтгэл заслын эмчилгээ нь мотиваци, гэр бүлийн сэтгэл засал, танин мэдэхүй гээд нийт 12 алхмын хөтөлбөртэй. Уг эмчилгээг мэргэжлийн байгууллагаас хийнэ. Гэтэл манайхан мэргэжлийн байгууллагад хандахгүйгээр би өөрөө чадна, хэрэглэхгүй байхад болоо гэх мэт хандлагаар удаан явдаг. Үүнээс үүдэн өвчин нь дахин сэдэрдэг, хүндэрдэг. Өөрөөр хэлбэл, дахин мөрийтэй тоглож, эсвэл архи уух жишээтэй. Донтолтоос ангижрахын тулд заавал мэргэжлийн тусламж үйлчилгээ авах ёстой гэдгийг онцолж хэлмээр байна. Манайхны нийтлэг алдаж байгаа зүйл нь донтолтын эсрэг мэргэжлийн байгууллага, эмчид хандахгүй байгаа нь өөрөө хамгийн том асуудал болоод байна. Мөн мэргэжлийн тусламж үйлчилгээнд хандсан тохиолдолд тархалтаас сэргийлэх эмчилгээг илүү сайн хийлгэх хэрэгтэй. Монголчууд донтох эмгэгийг өвчин гэж хардаггүй. Хөөрхий нэг нөхөр архи уугаад байна гэж ярих жишээтэй. Гэтэл үүнийг албан ёсоор эмч дээр очоод эмчлүүлэх ёстой байдаг. Гараа хугалсан, эсвэл ханиад хүрсэн бол эмч дээр очоод эмчлүүлдэгтэй яг адилхан процесс шүү дээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
А.Даваадулам