horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

26 улс Украинд дайны дараахь аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх амлалт өглөө

post-img

Францын ерөнхийлөгч Э.Макрон 26 улс Украинд дайны дараахь аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх амлалтыг өгч байгааг пүрэв гарагт Парис хотноо зарлан мэдэгджээ.

Тэрээр мэдэгдэлдээ, ОХУ-тай аливаа гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа 26 улс Украинд цэрэг илгээн байршуулж, аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх амлалтыг өгч байгааг Зеленскийн Европын удирдагчидтай хийсэн уулзалтын дараа Э.Макрон мэдэгдсэн байна.

Дээрх мэдэгдэлд “цэргүүдийг хуурай газар, далай тэнгис, агаарт байршуулах ба энэ нь аюулгүй байдлын баталгаа олгоход чиглэгдсэнээс биш ямар нэгэн байдлаар ОХУ-тай дайн өдөөх, зөрчилдөөн үүсгэх зорилгогүй” гэдгийг тодотгожээ.

Мөн Украинд үзүүлэх АНУ-ын дэмжлэг ойрын өдрүүдэд эцэслэн шийдвэрлэгдэж нэмэгдэхээр болсныг нэмж хэлсэн байна.

Түүнчлэн Э.Макрон Москваг энхийн хэлэлцээрээс үргэлжлэн татгалзсаар байвал Европын орнууд АНУ-тай хамтарч ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах болно гэдгийг хэлсэн байна.

Украины ерөнхийлөгч В.Зеленский цэрэг илгээн аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэхээр болсон Европын холбоотнуудад талархал илэрхийлж, уг шийдвэрийг анхны томоохон алхам байлаа хэмээн онцолжээ.

Мөн тэрээр ОХУ-аас дайныг өндөрлүүлэх ямар нэгэн шинж тэмдэг олж хараагүй байгаагаа хэлж, дан ганц Европын аюулгүй байдлын баталгаа хангалтгүй, аюулгүй байдлын тал дээр Европ, АНУ-ын эвсэх шаардлагатайг тодотгосон байна.

Зеленскийн Европын удирдагчидтай хийсэн пүрэв гарагийн уулзалтын өмнөхөн ОХУ-ын гадаад хэргийн яамнаас Украинд үзүүлэх аюулгүй байдлын баталгааг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ. “Эдгээр нь Украины аюулгүй байдлын баталгаа биш харин Европ тивд баталгаатай аюул авчрах болно, Украинд ямар нэгэн байдлаар гадаад улс орны цэрэг байршуулах явдлыг ОХУ хүлээн зөвшөөрөхгүй” гэж ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Владивосток хотноо зохиогдож байгаа эдийн засгийн форумын үеэр мэдэгдсэн байна.

Харин зөрчилдөөнийг өндөрлүүлж, дайныг зогсоох зуучлалыг гүйцэтгэж буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Европын аливаа энхийн төлөвлөгөөг дэмжихээ илэрхийлсэн ч Украинд Америкийн цэргүүдийг байршуулахгүй гэсэн байр суурин дээрээ бат зогссоор байгаа юм.

0/1000