Загварын ертөнцийн магнат, Италийн нэрт загвар зохион бүтээгч Жиоржио Армани 91 насандаа таалал төгслөө.
Түүнийг пүрэв гарагт Италийн Милан хот дахь гэртээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн талаар түүний Armani Group компанийн зүгээс мэдэгджээ.
Жиоржио Армани 1934 онд Италийн хойд нутагт мэндэлж байсан бөгөөд өөрийн нэрийн хувцас загварын брэнд компаниа 1975 онд Милан хотноо анх нээж байсан түүхтэй.
Тэрээр хувцас загварын салбар, ялангуяа тансаг зэрэглэлийн загварын салбарт маш түргэн хугацаанд нэр хүнд нь түгэж, Холливудын одуудыг хувцаслах болсон юм.
“Улаан хивсний ёслолын загвар”-ыг бүтээсэн гэгддэг тэрээр уран бүтээлийн замналынхаа туршид дуу хөгжим, кино, спорт гээд салбар бүрийн олон алдартнуудад тансаг, гоёмсог даашинз, хослол зэргийг урлаж өгч байжээ.

Загварын болон бусад салбарын маш олон алдартнууд Жиоржио Арманиг нас барсан явдалд эмгэнэл илэрхийлж байна.
Компанийн мэдэгдэлд түүний нас барсан шалтгааныг дурьдаагүй ч Ж.Арманигийн эрүүл мэндийн байдал хүндэрсэн талаар сүүлд мэдээлж байжээ.
Тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн 6-р сард Милан хотноо зохиогдсон Armani брэндийн загварын шоунд ирж оролцоогүй байна.
Жиоржио Арманигийн оршуулгын ёслолын арга хэмжээг ирэх даваа гарагт түүний гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсийн хүрээнд цомхон зохион байгуулахаар болсон бол энэ амралтын өдрүүдэд Милан хотноо дурсгалын цогцолборыг нээж, алдарт загвар зохион бүтээгчтэй салах ёс хийх боломжийг түүний шүтэн бишрэгчдэд олгохоор болсныг Armani Group компанийн зүгээс мэдэгджээ.