Орхон аймаг энэ онд орон нутгийн төсвөөс 28.4 тэрбум төгрөг гарган, 40-50 жил ашигласан инженерийн шугам сүлжээгээ шинэчилж байна. Ашиглах хугацаа нь дууссан, шинэчлэх шаардлагатай 163 км шугам тус аймагт бий. Үүний 8%-ийг өнөө жил шинэчилж буй аж.
32 байршилд шугам сүлжээ шинэчилж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна. Үүний 1 нь “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн техникийн усны нөөц 5.4 км шугам. Үүнийг орон нутгийн төсвийн 4.8 тэрбум төгрөгөөр шинээр татаж байна. “Ахин-Ундрах” ХХК одоогоор ф300 мм-ийн голчтой 3 км шугам угсраад байгаа бол үлдсэн ажлыг 10-р сард дуусгаж, хүлээлгэн өгнө. Техникийн усны нөөц шугам гэдэг нь Эрдэнэт дулааны цахилгаан станцын технологийн хэрэгцээг усаар хангадаг шугам аж. Орхон аймгийн төвд суурьшигсад олширч, олон барилга, орон сууц ашиглалтад орохын хэрээр дулааны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Өсөн нэмэгдэж буй эл хэрэгцээг найдвартай хангахад энэ шугам ихээхэн ач холбогдолтой юм.
Дулааны хуучирсан шугамыг сольсноор орон сууцны хорооллын 5824 айлыг хангаж буй инженерийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжрах юм.