horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Угжны “Топ5”-д Баянхонгор багтаж, Хэнтий хасагдав

post-img

Монгол Улс 21 аймагтай ч 1/3 нь улсын төсөвт нэмэр болж, бусад нь нэрмээс болдог. Жилийн жилд ийм байдаг. Дараа жил ч тийм л байх нь. Ирэх жил улсын төсвөөс 14 аймгийг нийт 297 тэрбум 528.2 сая төгрөгөөр угжих гэж байна. Ажаад байхад тал бүрийн боломж ихтэй, авах нь байтугай өгөх учиртай аймгууд улсаас хамгийн их татаас авч байна. Бэлэнчлэх сэтгэлгээ бугшчихсан юм биш үү гэж л харагдана.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад татаасын ихийг хүртэж, бүтээн байгуулалт олныг хийлгэсэн Хэнтий айргаас мултарч, одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын нутаг айрагт багтжээ. Гэхдээ л эрх баригч намын тамгыг Хэнтийн хүү атгаж байгаа гэсэндээ 28.6 тэрбум төгрөг тавиулж, угжуулах мөнгөний хэмжээгээрээ 6-рт орж байна.

2025 онд улсын төсвөөс 15 аймаг татаас өгч байгаа бол ирэх жил Төв аймгийг хасаж, 14 болгожээ. Үүний зэрэгцээ бүх аймгийн татаасыг багасгасан байна. Үүнээс үзвэл тэлээ аймгуудаа угжих сүүний төсвөө Засгийн газар танаж буй аж. Түүн дундаа Булган, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Ховдын татаасыг эрс багасгажээ.

Хамгийн их угжуулах аймаг Хөвсгөл

Улсын төсөв гэх угжийг хэдэн жил дараалан хамгийн их хөхсөн Хэнтий нондингоос байр сууриа Хөвсгөлд алдав. 2024 онд Хөвсгөлд 37.9 тэрбум, 2025 он 52.1 тэрбум төгрөг улсаас хуваарилсан бол ирэх жил 40.7 тэрбумыг өгөх нь. Улсын хэмжээнд 6-рт ордог уудам газар нутагтай, дотоод, гадаадын аялагчдын заавал очиж үздэг олон үзэсгэлэнт газартай, хамгийн олон хүн амтай, хамгийн олон малтай гээд тоочоод байвал энэ аймаг юм юмтай. Тэгсэн атлаа улсаас татаас авдаг. Авах авахдаа хамгийн ихийг авна гээч. Төр бяслагны үйлдвэр байгуулж өгөхийг хүлээгээд, засаг жуулчин авчрахыг харсаар, хөвсгөлийнхөн амаа ангайсаар байна.  

Завхан 2-рт   

Улсаас ирэх жил авах татаасын хэмжээгээрээ Завхан аман хүзүүдэв. Ноднин 47.6 тэрбумаар угжуулсан энэ аймагт одоо 39.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ жил Завханы орон нутгийн төсөв 28.9 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 5.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол улсын төсвөөс авдаг санхүүгийн дэмжлэг 53.2 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 15.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм.

3-рт Увс

Увс аймаг өнөө жил нэгдсэн төсвөөс 39.5 тэрбум төгрөг авч, улсаас авсан санхүүгийн дэмжлэгээрээ 5-рт орсон. Тэгвэл тус аймагт ирэх жил 37.8 тэрбум төгрөгийн татаас олгохоор улсын төсвийн төсөлд тусгажээ.

4-рт Архангай

Монгол Улсын төсвөөс өнөө жил Архангай 46.4 тэрбум төгрөг авч байгаа. Татаас авдаг 15 аймаг дотроо мөнгөний хэмжээгээрээ 3-рт орж байна. Харин ирэх жил 32.6 тэрбум төгрөг авна. Ингэснээр нэгдсэн төсвөөс авах дэмжлэгийн хэмжээгээрээ 1 байраар ухарч, 4-рт орж байна.  

Баянхонгор 5-рт

31 тэрбум 392 сая төгрөг. Энэ бол улсын нэгдсэн төсвөөс ирэх жил энэ аймагт өгөх дэмжлэгийн хэмжээ. Улсын төсвөөс Баянхонгор аймагт энэ онд 37.7 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа. Угжуулдаг мөнгөний хэмжээгээрээ 6-рт бичигдсэн тус аймаг энэ удаад айрагдаж байна.  

2025 онд улсын төсвөөс татаас авах 15 аймаг

  1. Архангай 32 тэрбум 646.8 сая
  2. Баян-Өлгий 16 тэрбум 555.4 сая
  3. Баянхонгор 31 тэрбум 392.2 сая
  4. Булган 6 тэрбум 41.2 сая
  5. Говь-Алтай 16 тэрбум 68.5 сая
  6. Дундговь 2 тэрбум 986.1 сая
  7. Завхан 39 тэрбум 258.2 сая
  8. Өвөрхангай 26 тэрбум 267.2 сая
  9. Сүхбаатар 8 тэрбум 684.1 сая
  10. Увс 37 тэрбум 831 сая
  11. Ховд 3 тэрбум 992.7 сая
  12. Хөвсгөл 40 тэрбум 718.6 сая
  13. Хэнтий 28 тэрбум 664.6 сая
  14. Говьсүмбэр 6 тэрбум 421.6 сая
  15. Нийт дүн 297 тэрбум 528.2 сая
0/1000