Холимог тулааны од тамирчин Коннор Макгрегор төрөлх Ирланд улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд пүрэв гарагт олон нийтээс дэмжлэг хүссэн байна.
Тэрээр өөрийн нийгмийн сүлжээний хуудсуудаараа дамжуулан Ирландын нийслэл Дублин хот дахь засгийн газрын ордны гадна дүрстэй мэдэгдэл хийж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд шаардлагатай дэмжлэгийг хүсжээ.
Тодруулбал, сонгуульд өрсөлдөж нэр дэвшихийн тулд сонгуулийн хуулийн дагуу орон нутгийн засаг захиргааны нэгжүүдээс түүний нэрийг дэвшүүлэх тодорхой тооны саналыг цуглуулсан байх ёстой ба хамгийн багадаа парламентын 20 гишүүний дэмжлэг, эсвэл наад зах нь 4 муж, хот, орон нутгийн удирдлагын дэмжлэгийг цуглуулсан байх ёстой ажээ.
Ирландын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 24-нд дуусч байгаа тул ийнхүү өнгөрсөн 3-р сард сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласан Коннор Макгрегор ийнхүү олон нийтээс дээрх саналыг цуглуулахад дэмжлэг хүсэж, өөрийн амьдарч буй орон нутгийн засаг захиргаанд түүнийг нэр дэвшүүлэх хүсэлт гаргахыг дэмжигчиддээ хандан уриалсан байна.
Тэрээр уриалгадаа мөн өөрийн цагаачдын эсрэг популист маягийн улс төрийн байр суурийг илэрхийлэхийн сацуу хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол Ирланд улсад орон гэргүй амьдарч буй хүүхдүүдийн тоо хэмжээ өсөж байгаа явдлыг зогсоохоор төлөвлөснөө онцолжээ.
Ирландын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 24-ний өдөр зохион байгуулагдана.