Хөдөө аж ахуйн менежментийн зөвлөх, “Дижитал агро” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Хулантай ирэх өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

———————————————————————
-Энэ жил их хатуу өвөл болно гэх мэдээлэл мэр сэр явах боллоо. Зуд болоход мэдээж хамгийн их хохирол амсдаг салбар нь хөдөө аж ахуйн салбар буюу малчид, тариаланчид. Та мэргэжлийн хүний хувьд энэ өвлийг өнтэй давахын тулд тэдэнд хамгийн түрүүнд юуг зөвлөх вэ?
-Манай малчид болон фермерчид өвлийн бэлтгэлээ олон төрлөөр хангаж ирсэн, гэхдээ хамгийн зөв шалгарсан, нийтлэг арга бол өвс, тэжээлийн нөөц юм. Улс орны түвшинд ч ингэж хийдэг. Өнгөрсөн өвлийн бэлтгэлд улсын дүнгээр 20.2 мянган тонн өвс, 8.0 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь нийт хэрэгцээний ойролцоогоор 79 хувьд хүрсэн тоо байдаг. Харин өрх, малчид өөрсдийн сүргийн бүтцэд тохируулан нэмэлтээр өвс, тэжээлээ нөөцлөх шаардлагатай.
Үүнээс гадна намрын улиралд сул, туранхай, хээлтэгч малыг ялган тэжээж, сүргийн бүтцийг эрүүлжүүлэхийн тулд эртнээс багасгалт хийх буюу нядалгаа хийдэг. Гэхдээ мах экспорт болон нядалгаа нэмэгдэхийн хэрээр агуулахын асуудал гардаг.
Харин эрчимжсэн фермийн аж ахуй эрхлэгчид бол өвлийг зөвхөн хадлан нөөцлөхөөр хязгаарлахгүй, илүү системтэйгээр бэлддэг. Тэд ургацын улиралд өөрсдөө тэжээл тариалж, дарш, холимог тэжээл болгон боловсруулж нөөцөлдөг. Өвөлдөө малаа дулаан, салхинаас хамгаалсан байранд байлгаж, ус, эрүүл ахуйн нөхцөлийг хангадаг. Сүргээ ангилан тэжээж, вакцинжуулж, эмчилгээ хийж дуусган, эрсдэлийг санхүүгийн буфер болон даатгалаар хамгаалдаг.
Товчхондоо, зудтай хатуу өвлийг өнтэй давах хамгийн сайн хамгаалалт бол өвс, тэжээлийн нөөц, сүргийн эрт багасгалт, эрсдэлийн даатгал гэдгийг хамгийн түрүүнд зөвлөх байна.
-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр миний мэдэхийн сүүлийн 20 жил ярьж байна. Тэгсэн ч ноолуураас бусад бүтээгдэхүүн бид олон улсын зах зээлд гаргаж чадаагүй хэвээрээ. Яагаад энэ чиглэлийн компаниуд үйл ажиллагаагаа тэлж, боожиж чадахгүй байна вэ?
-Манай улс бол мал аж ахуйн орон. Малын тоо толгойгоороо дэлхийд дээгүүр ордог атлаа бид энэ үнэт баялгаа зөв ашиглаж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг тэлэхгүйгээр эдийн засгаа зөв тэнцвэржүүлж чадахгүй. Ингэж байж бид уул уурхайгаас хэт хамааралтай өнөөгийн загвараа өөрчилж чадна. Энэ олон боломж дундаас малын мах бол хамгийн ойрын хугацаанд эдийн засгийн бодит үр өгөөж авчрах бүтээгдэхүүн юм.
Гэхдээ бодит байдал амаргүй. Манай улсын байгалийн хатуу ширүүн нөхцөл, малын үүлдэр угсааг 30 шахам жил системтэй сайжруулаагүйн улмаас нэг үнээнээс авах сүүний хэмжээ, нэг үхрээс гарах махны гарц олон улсын дунджаас хэд дахин бага хэвээр байна. Үүний улмаас малчид, фермерүүдийн эдийн засгийн өгөөж сул байна. Гэвч асуудалд шийдэл бий.
Юун түрүүнд бид малын үүлдэр угсаагаа шинэчилж, генетикийн нөөцөө сайжруулах шаардлагатай. Энэ нь зөвхөн үнэтэй хээлтэй үхэр импортлоод өсгөх асуудал биш түүнд тохирсон тэжээл, байр, стрессгүй орчныг хамтад нь бүрдүүлэх цогц шийдэл юм. Харамсалтай нь зарим томоохон компани зөвхөн үүлдэр оруулж ирээд, дэд бүтэц, хоол тэжээлийг орхигдуулдаг тул хэсэг хугацааны дараа импортын үнэ цэнэтэй мал маань яг л монгол үхэр шиг бага сүү, мах өгдөг болчихдог.
Нөгөөтэйгүүр, малын эрүүл мэнд чухал. Сүүлийн жилүүдэд ахиц гарч өнгөрсөн жил манай улс малын халдварт өвчний гаралтгүй жил болсон нь том дэвшил. Гэхдээ урт хугацаанд өндөр үнээр зах зээлд гарч, тогтвортой байр суурь эзлэхийн тулд бүсчлэл, хорио цээрийн дэд бүтэц, хатуу хяналтын тогтолцоог зайлшгүй бүрдүүлэх ёстой.
Дахин хэлэхэд, хөдөө аж ахуй бол Монголын ирээдүйн эдийн засгийн гол тулгуур салбар байх ёстой. Нэг өрх, нэг малчны хүчин чармайлт дангаараа хангалтгүй учраас хоршоодын үйл ажиллагааг системтэйгээр, хяналттайгаар хөгжүүлж, дотоодын үйлдвэрүүдийг тогтвортой түүхий эдээр хангах нь хамгийн оновчтой шийдэл. Нөөцөө хоршоогоор нэгтгэж чадвал тогтвортой нийлүүлэлт бий болж, зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Энэ бол олон улсын жишгээр батлагдсан, амжилттай шийдэл.
Цаашид малын эрүүл мэндийн бүсчлэл, мөрдөн сийлцийн системийг нэвтрүүлэх, хадгалалт болон эрчим хүч, усалгааны дэд бүтцэд онцгой анхаарах хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдсэн усалгааны шийдэл, бүсчилсэн хүйтэн агуулах нь ургацын улирлын дараахь алдагдлыг эрс бууруулах стратегийн ач холбогдолтойг энд дахин онцолмоор байна. Ингэснээр бид дотоодын хүнсний аюулгүй байдлаа баталгаажуулж, давхар экспортын боломжоо нээж, эдийн засгаа уул уурхайгаас хамааралгүйгээр тогтвортой хөгжүүлэх бүрэн боломжтой болно.
-Монголд төрөөс хамааралгүй салбар гэж бараг байхгүй. Тэр тусмаа танай салбар бол төрийн бодлого шийдвэр нь шууд баялаг бүтээгчдэд тусдаг. Салбарын сайд гурилын импортын гаалын татварын талаарх шийдвэр УИХ дээр унаж босоод байгаа харагдсан. Ер нь одоо гарч байгаа шийдвэрүүд нь энэ салбарын хөгжлөө боомилж байна уу. Үнэхээр хөгжүүлье гэдэг хүсэл эрмэлзэл байгаа харагдаж байна уу?
-Манай салбарын хөгжлийг гацаагч хамгийн том эрсдэл нь бодлогын тогтворгүй байдал. Жишээлбэл, улаанбуудай, гурилын импортын татварыг тэглээд дотоодын тариаланчид, үйлдвэрүүдээ шахаж байгаа. Дараа нь татварыг сэргээх тухай яриад УИХ дээр унаж, сүүлд дахин баталсан. Ийм богино хугацаанд гарсан гэнэтийн шийдвэрүүд бизнес төлөвлөлтөд хамгийн хүнд дарамт болдог. Тариаланчид ургацаа тарихдаа нэг жилээр биш, 2-3 жилээр төлөвлөх ёстой. Гэтэл нэг намраас нөгөө хавар хүртэл бодлого өөрчлөгдвөл хөрөнгө оруулалт, агуулахын шийдвэр, банкны санхүүжилт бүгд эрсдэлд ордог.
Бидэнд хэрэгтэй зүйл нь татвар, татаасны өөрчлөлтийг дор хаяж 3-5 жилийн тогтвортой байлгах дүрэмтэй болгох, болж өгвөл гарааны эрчимжсэн ферм, хүнсний ногоо, газар тариалан эрхлэгчдэд эхний таван жилд татвараас чөлөөлөх зарчим үйлчилбэл энэ салбар маш хурдтай хөгжинө.
-Монголд ажилгүйдлийг дагасан ядуурал их байна гэлцдэг. Гэтэл ХАА салбар хамгийн том ажил олгогч салбарын нэг. Гэхдээ уул уурхайн салбарыг бодвол хөдөлмөрийн үнэлэмж бага байх. Үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Өнөөдөр манай улсын ажиллах хүчний 30 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа нь энэ салбарын бодит үнэ цэнийг илтгэж байна. Хөдөө аж ахуйн салбарын үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд бид бүтээгдэхүүний үнэ цэнийг ойлгож, зөв үнээр худалдан авах соёлыг төлөвшүүлэх шаардлагатай. Малчид, фермерчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зах зээлд стандартын дагуу, зохих үнээр худалдаалагдах тусам энэ салбар тогтвортой хөгжиж, хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэнэ.
Үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө албан ёсны гэрээ, чанарын ангиллын үнэлгээ хэрэгжих шаардлагатай. Ингэснээр бүтээгдэхүүнийг зөвхөн тоогоор биш чанар, жин, стандартын дагуу үнэлнэ. Үүний дараа механикжуулалт, ур чадварын үнэлгээ, органик ба халал стандарт, гарал үүслийн баталгаатай бүтээгдэхүүнээр дэлхийн өндөр үнэ тогтдог зах зээлд нэвтрэх нь чухал. Товчхондоо бол бид хямд үнэтэй мах хэрэглэх нь чухал уу, аюулгүй, баталгаатай хүнс хэрэглэх нь чухал уу гэдгээ дэнслэх цаг болсон. Мэдээж баталгаатай бүтээгдэхүүн хэрэглээд хүнсний аюулгүй байдлаа хангахаас гадна эдийн засгийн үр өгөөж хүртэж улсаараа баян байх нь чухал биздээ.
-ХАА салбарт инновацилаг технологиудыг нэвтрүүлэх нь мэдээж олон давуу талыг авчрах байх. Энэ салбарын компаниуд энэхүү чиглэлд хэр соргог байна вэ. Дэлхий нийтийн жишиг хаашаа явж байна вэ?
-Өнөөдөр дэлхий даяар хөдөө аж ахуй инновацигүйгээр урагшлах боломжгүй болсон. Хиймэл оюунд суурилсан мэдрэгч, дрон, хиймэл дагуулын тандалт, ухаалаг усалгааны систем, мөрдөн сийлцийн дижитал шийдэл зэрэг нь олон улсын стандарт болж байна. 2024 онд гэхэд дэлхий даяар 4.7 сая фермер ийм технологийн дэмжлэг авсан гэдэг тоо бол өөрөө чиг хандлагыг тодорхой харуулж байгаа хэрэг. Монголд бол уур амьсгалын эрсдэлийг даван туулахын тулд технологийн хөрөнгө оруулалт зайлшгүй болж байна.
Товчхондоо, инновацид эргэлзэх цаг дууссан. Хэн түрүүлж нэвтрүүлнэ, тэр үр шимийг илүү хүртэнэ. Иймээс сенсор технологи болон сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдсэн усалгааны систем, бүсчилсэн хүйтэн агуулахыг нэг багц болгон нэвтрүүлэхэд үндэсний тэргүүлэгч компаниуд манлайлан ажиллаасай гэж хүсдэг. Ингэж чадвал бид зөвхөн намартаа л хямд шинэ ургац иддэг биш, жилийн турш дотоодын ургацаа хэрэглэх бүрэн боломжтой болно.
-Энэ жил хүнсний ногооны олдоц, үнэ өндөр хэвээр байхаар таамаглал байна. Намар хятад ногоо орж ирж байж л үнэ бага зэрэг бууна гэж худалдаачид хэлж байна лээ. Үүний цаад учир шалтгаан юу вэ. Ер нь бид дотоодоосоо бүрэн хангах боломжгүй юу?
-Энэ жилийн намрын хүнсний ногооны үнийн өсөлт нь мэдээж хэрэг хамгийн гол хүчин зүйл болох байгаль цаг уураас их хамаарч байгаа. Хэрэглээний хувьд бид дотоодоосоо хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой, үүний тулд мэдээж хэрэг сүүлийн үеийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь хүнсний ногооны агуулахын асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь чухал. Жишээлбэл дээр ярьсан агуулахын хүртээмж, байршил гэх мэт, үүнд орон нутгийн хоршоодын оролцоог ч нэмэгдүүлэх боломжтой. Нэгэнт л бид цаг уурын хувьд хатуу ширүүн бүсэд амьдарч байгаа учраас аль болох дасан зохицож цаг агаараас хэт хамааралтай байдлаасаа салах шийдлүүдийг эрэлхийлэх ёстой.
2023 онд төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангаж байсан ч их ургацын дараах хадгалалт болон тээвэрлэлтийн сул тал нь үнийн өндөр хэлбэлзэл үүсгэдэг. Тиймээс намар Хятадаас орж ирэх нийлүүлэлт үнэ тогтворжуулах нөлөөтэй гэж зах зээлд ажиглагддаг.
Өөрөөр хэлбэл салбарын бодлогын хүрээнд намрын их ургацын дараа тухайн их хэмжээний ургацыг хадгалах агуулах, мөн түүнийг борлуулах механизмыг ухаалгаар шийдэж чадвал үнэ тогтворжих боломжтой. Жишээ нь, тусгай стандартын хөргөгчтэй агуулах, сортлох–баглах төв, урьдчилгаатай гэрээт борлуулалт, хямд зээлийн тээврийн асуудалд төр оролцож, дэмжлэг үзүүлэх нь дэлхийд шалгарсан арга барил юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
М.Мөнхтүвшин