horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дээвэргүй сургуулийг засахад зориулан 45 сая төгрөг гаргахаар боллоо

post-img

Говь-Алтай аймгийн Онцгой комисс өнөөдөр /2025.09.09/ хуралдаж, Эрдэнэ суманд энэ оны 4-р сард тохиосон байгалийн гамшгийн улмаас сургуулийн барилгад учирсан эвдрэл, хохирлыг засвах асуудлыг хэлэлцэв. Хурлаар сургуулийн сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэх зорилгоор шаардлагатай засварын материал худалдан авахад зориулан, аймгийн Онцгой комиссын Гамшгийн нөөц сангаас 45 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Гэтэл уг сургуулийн дээврийг засахад 137 сая төгрөг шаардлагатай аж.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль “Г” хэлбэрийн 1 давхар барилгатай. Энэ барилгын “Б” корпусын дээвэр энэ оны 4 дүгээр сарын 10-11-ний шөнө 00:10-04:00 цагийн хооронд гамшгийн хэмжээнд хүрсэн угалзаар юу ч үгүй хуурч, 19 цонх хагарч, зарим эд хогшил эвдэрчээ. Үүнээс гадна спорт заалны дээврийн 1/3, урлаг заалны 16 ам метр дээвэр, дотуур байрны дээврийн хойд хэсгийн 15 ам метр төмөр, хүнсний агуулахын дээвэр хуурсан байна.

Дотуур байрны сурагчдын хүнсэнд хэрэглэх ногоог тарьдаг хүлэмж хийсэн алга болж, ногооны талбайн хашаа, хайс авах юмгүй болжээ. Сургуулийн уурын зууханд энэ намар түлэхээр хадгалсан 15 тонн нүүрс хийссэн байна. 34 м/сек хүчтэй шуурсан уг шуурганы хүнд, амьтанд мэдрэгдэх хүч буюу өрөвхийлэл 44 м/сек хүрснийг цаг-уурчид бүртгэжээ.

320 хүүхдийн багтаамжтай уг сургуулийг 1986 онд барьж, ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн жил энэ сургуульд 430 орчим хүүхэд сурч, 50 багш, ажилчин ажилласан юм. Эдгээр хүүхдийг өнөө жил дээвэр нь хуулраагүй корпустаа 2 ээлжээр хичээллүүлж байна.

Дээврийн төмөр нь бүрэн хуурсан тул банзны завсраар зун бороо орж, шал нь ус, салхинд хөндийрч, хөгц мөөгөнцөр ургажээ. Дээврийг нь заслаа ч шалыг солих, мөөгөнцөр устгах, ханыг бүрэн шохойдох шаардлага үүссэн байна. Дээвэр хууларсан даруйд засаагүй тул энэ барилга улам элэгдэж, засах шаардлагатай эд зүйл нэмэгдсээр байна.

Тухайн үед гэргүй болсон 40 айлд гамшгийн дараа Улсын онцгой комисс гэр олгосон бол аймгийн нөөцөөс 500 шуудай тэжээл тараасан. Харин сургуулийг зассангүй. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг, Говь-Алтай аймгийн Онцгой комисс тус суманд очиж, нийт 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ.

Тэд сургуулийг сарын дотор засахаар болсон аж. Гэсэн ч 5 сар өнгөрч байхад зассангүй, бахь байдгаараа. Сургуульд учирсан хохирлыг арилгахад 350 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоог тухайн үед гаргасан байна. Багш нар өөрсдийн нөөц боломжоороо цонхоо шиллэн, хашаа хайсаа янзалсан бол одоо дээврээ засах үлджээ.

Тус сургуулийн захирал нь Улаанбаатарт ирж, УОК, Шадар сайдын ажлын алба, Боловсролын яамаар орж, асуудлаа танилцуулан, туслалцаа хүссэн ч тусыг олсонгүй. Дээвэр засахад 137 сая төгрөг шаардлагатай аж. Гэвч үүнээс ч илүү их засвар хийх шаардлагатай байгаа юм. Учир нь өнгөрсөн зуны борооноор зарим ангийн шал хөндийрч, гишгэхэд бамбалзан хөвсөлзөж буй аж.

Тиймээс Говь-Алтай аймгийн Социал демократ залуучуудын холбоо “Нэг дээвэр дор 1000 мөрөөдөл” хандивын аян өрнүүлж, Эрдэнэ сумын сургуулийг засах мөнгө цуглуулж эхэлжээ.

0/1000