“Макс групп”, “Цэн газар” ХХК өнөөдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд шохойн үйлдвэр нээлээ. Энэ үйлдвэр жилд 120.000 тн шохой боловсруулах хүчин чадалтай. Шохойн чулууны үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн төсвийн орлого жил бүр 5-7 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ.
“Цэн газар” ХХК Дөрвөлжин ордыг ил аргаар олборлож, улсдаа анхны эргэх зуухтай технологи нутагшуулна. Тус үйлдвэр Говь-Алтай аймагт 400 гаруй ажлын байр шинээр бий болгож байна.

Үйлдвэрийг дагаад жижиг, дунд бизнес идэвхжиж, ханган нийлүүлэлт, үйлчилгээний салбарт ч өсөлт авчрах бөгөөд орон нутгийн эдийн засагт жилд 2–3 тэрбум төгрөгийн нэмэлт орлого шингэнэ гэж тооцоолжээ.
Улсын хэмжээнд жил бүр 10 гаруй сая ам.долларын импорт орлох бүтээгдэхүүнийг дотоодоос хангах боломж бүрдэв.

“Тайшир шохой” үйлдвэрийн нээлтэд
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, “Макс групп”-ийн ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Макс Групп”-ийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Б.Түвшин нар оролцов.
Энэ үйлдвэр цаашдаа баруун бүсийн аж үйлдвэрийн паркийн суурь болох юм.
