Монгол Улсын сарын дундаж цалин Үндэсний статитикийн хорооноос гаргасан мэдээгээр 2025 оны I улиралд Улаанбаатар хотод 2 сая 647 мянган төгрөг хүрчээ. Үүнийг нуршихын учир багш, эмчийн цалингийн талаар бичих гэснийх ээ. Тэд улнаас ч доогуур цалингийн системд хүлүүлсээр, тогтолцоо нуран унахдаа тулаад байна.
Алтан дунджид эмч, багш нарын цалин хэд хүрдэг талаар хэдэн тоо бодож үзье.
Монгол Улсын Засгийн газрын Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох 238 дугаар тогтоолыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Тэгвэл уг тогтоолд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээ, цэцэрлэг, бага, дунд сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг хэрхэн тогтоосныг харцгаая.
Багш: Алтан дунджаар улсын сургуулийн багш, ажилчдын үндсэн цалин 1,484,000 төгрөг.
ТҮБД-5 зэрэгтэй бол 1,637,000. Шинэхэн багш ТҮБД-1 буюу 1,283,000 төгрөгөөр цалинжина.
Багшийн цалинтай зэрэгцээд нэмэлт урамшууллын талаар багагүй ярьж бичицгээдэг. Гэтэл үнэн чанартаа энэ урамшуулал зөвхөн ажилласан жил олонтой, анги даасан багш нарт хамаардаг. Дөнгөж сургуулиа төгссөн, олон жил ажиллаж чадаагүй шинэ залуу боловсон хүчнүүдэд үйлчилж чадахгүй байна.
Боловсролын ерөнхий газраас 2025 онд 3324 багшийн сул орон тоо үүссэнийг өнгөрсөн зун зарласан. Цэцэрлэгт 1147 багш хэрэгтэй. Сул орон тоонд бүртгүүлэх шинэхэн төгсөгчид харин алга.
Эмч: Эмч, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин дунджаар 1,559,000 төгрөг. Туршлагатай, зэрэг дэв өндөртэй бол ТҮЭМ-9-өөр 1,805,000, резидент бус эмчлэгч эмч ТҮЭМ-4 шатлал буюу 1,414,000 төгрөгийн цалинтай.
Зэрэг дэвгүй, шинээр төгссөн залуухан хүмүүсийн хувьд эмчээр ажиллах шаггүй даваа болно. Эрүүл мэндийн салбарт зөвхөн эмч ажилладаггүй. Сувилагч, асрагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гээд төрөл бүрийн мэргэжилтэн хэрэгтэй. Энэ хүмүүс ТҮЭМ-4 резидент эмчээс бусад гэсэн ангиллаар 1,414,000 төгрөгийн цалинтай.

Багш, эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалингийн графикийг ТҮК, автобусны жолоочийн цалинтай харьцууллаа. Үүгээр хэн нэгнийг доош нь хийх гэсэнгүй. Зөвхөн менежмент хийж, тогтолцоогоо өөрчилснөөр Монгол Улсад дундаж цалингаас давсан орлоготой амьдарч болох жишээг л харуулахыг зорив.
ТҮК: Саяхан даа ТҮК-ийн ажилчид, автобусны жолоочийн цалин ТҮ-гийн хамгийн бага шатлалд орж, хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр цалинждаг байлаа. Гэтэл өнөөдөр улсын дунджаас давсан орлоготой болов.
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн зун ТҮК-ийн ажилчдын цалинг 3-3,5 сая төгрөг болгож, 6-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. “Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан хэлэхдээ “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ТҮК-иудтай менежментийн зөв тогтолцоог хэрэгжүүлж, хамтран ажиллаж чадсанаар өнөөдөр бид үйл ажиллагааны хувьд ч тэр, санхүүгийн хувьд ч тэр тасралтгүй ажиллаж чадаж байна. Үр дүнд нь 3,5 сая төгрөгийн тогтмол цалинг ТҮК-ийн ажилчдадаа олгодог болсон” гэлээ.
Автобус: Автобусныхан хэдхэн жилийн өмнө суулт зарлаж, ажил хаян, цалингаа нэмүүлэхийг шаардсан. Тухайн үед нийслэлийн удирдлагууд автобусны компанийнхантай уулзаж, мөн менежментийн шинэчлэл хийснээр В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулан, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож байв. Тэднийг хоёр ээлжээр ажилладаг болгосноор өнөөдөр жолооч нар дунджаас давсан орлоготой ажиллаж амьдарч байна.
Төгсгөлд нь: Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 23 мянган төгрөгт хүрсэн үед эмч, багш нар дэндүү бага цалин авч байгаа нь бодит үнэн.
Монгол Улсын ирээдүй иргэд нь эрүүл саруул, эрдэм боловсролтой байхаас хамаарна. Ерөөс алив улсын туйлын зорилго энэ байсаар л ирсэн. Гэтэл Монгол Улс чухал голлох салбартаа шинэчлэл хийж чадахгүй лав л 20 жил боллоо. Хүн амын өвчнөөрөө Дэлхийд дээгүүрт бичигдэж, хүүхэд залуусын боловсрол бөмбөрцөгт үнэлэгдэхгүй байна.
2025-09-11 04:28:28
Цалингийн доод хэмжээг нэмсэн. Тэтгэврийг шинэчлэн тогтоох ёстой. Хэзээ вэ.