“Макс групп”-ийн хөрөнгө оруулалттай “Цэнгазар” ХХК Монгол Улсын дотоодын шохойн хэрэгцээний 25%-ийг дангаар хангах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэрээ Говь-Алтай аймагт өчигдөр албан ёсоор нээлээ. Уг үйлдвэрийн нээлтэд зориулан тус компани бэсрэг наадам зохион байгуулав. Бэсрэг наадамд 64 бөх барилдаж, их нас, соёолон морьд уралдуулсан юм.
Хурдан морь унаж, уралдсан хүүхэд бүрийг “Цэнгазар” ХХК 300 мянган төгрөгөөр урамшуулжээ. Их насны морьдын уралдаанд 30-аад хүүхэд, соёолонгийн уралдаанд 17 хүүхэд хурдан морь унасан байна. Морины хүүхдүүдийг ингэж урамшуулсанд хүүхдүүд өөрсдөө төдийгүй үзэгч олон талархаж байлаа.