“Таван богд” компанийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” компанийн захирал Б.Амарсайхан нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Канте” шөнийн цэнгээний газрын гадна энэ оны 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, хүн зодож, хэвтэрт оруулчхаад, гадаад руу оргон зайлсан. Түүнийг Олон улсын цагдаагийн байгууллага (Инперпол)-оор дамжуулан, Дэлхий даяар эрэн сурвалжилж байгааг өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар мэдээлсэн.
Тиймээс цагдаагийн байгууллага Б.Амарсайханы үйлдлийг тусгаарлан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын хэргийг шалгаж байна. Тэдний хэргийг цагдаагийн байгууллага шалган дуусаж байгаа аж. Ирэх 7 хоногт прокурорын хяналтад шилжүүлэх бололтой.
Ц.Санжаачойпэл энэ хэрэгтээ хохирогч Д.Саяннямбууг татаж, түүнийг хохирогч биш яллагдагч болгоод байна. Д.Саяннямбуу зүгээр зодуулаагүй, харилцан зодолдсон, өөрийнх нь биед гэмтэл учруулсан хэмээн Ц.Санжаачойпэл цагдаад мэдүүлж, Д.Саяннямбууг яллагдагчаар татуулсан аж. Түүгээр ч зогсохгүй түүнд хилийн хориг тавиулж, гадаад руу эмчилгээнд явах боломжгүй болгохоор шүүхэд хандсан юм. Шүүх уг хүсэлтийг өчигдөр хэлэлцээд, хүлээж аваагүй.