Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр, Эрчим хүчний яамны Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нарыг ЭЦА өчигдөр орой баривчиллаа. Ц.Сайхандэлгэр Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр барьсан Дулааны цахилгаан станцын тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт ажилласан юм байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлж, авлига авсан байж болзошгүй баримт хуулийн байгууллагынхны гарт оржээ.
Ц.Сайхандэлгэрийн саяхнаас унах болсон шинэ “Lexus 600” маркийн машиныг битүүмжлэн, хураасан гэнэ. Тэрээр Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгч, ЗДТГ-т хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан аж.
Эрчим хүчний яамны Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамцын ажлын байр болон гэрт нь ЭЦА өчигдөр нэгжлэг хийсэн байна. Түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгыг улсын комисст хүлээн авахдаа авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гүйцэтгэл дутуу, зураг төсвийн дагуу бариагүй байгууламжийг улсын комисс хүлээн авах шийдвэр гаргаж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж түүнийг буруутгаж байгаа аж.
Тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.