Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сэрүүний улиралд томуугийн өвчлөл нэмэгддэг. Үүнээс шалтгаалан эрүүл мэндийн салбарын ачаалал 2-3 дахин нэмэгддэг бичигдээгүй хууль бий. Түүнчлэн томуугаар ахмад настан, архаг өвчтэй хүмүүс, 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилдөг. Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор өвчлөл нэмэгдсэнээс шалтгаалан эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больдог жишиг бараг тогтсон гэхэд хилсдэхгүй.
Улаанбурхан өвчний тохиолдол өдөрт 500-600 байсан үе харьцангуй намжиж өнөөдрийн байдлаар өдөрт 2-3 тохиолдол бүртгэгдэх болжээ. Хэдийгээр уг өвчний тархалт намжсан ч бүрэг зогсоогүй байгаа энэ үед томуугийн тархалт идэвхжвэл аюултай нөхцөл үүснэ гэдгийг салбарын эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Ялангуяа ирэх арваннэгдүгээр сард томуугийн өвчлөл, Улаанбурхантай хавсран хүндрэл үүсгэж болзошгүй гэж үзэж байгаа юм. Хүйтэн сэрүүний улиралд жилд 700 мянга гаруй иргэд томуу, томуу төст өвчнөөр өвчилдөг. Үүнээс болж жил тутам 50 орчим хүүхэд энддэг байна. Дээрх эрсдлээс сэргийлж өрхийн эмнэлгүүдээр томуугийн вакциныг өнөөдрөөс нэгдсэн журмаар хийж эхэлж байгаа юм.
Дархлаажуулалтад:
- 6 сараас 6 хүртэлх насны хүүхдүүд
- 65-аас дээш насны ахмадууд
- 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс
- Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан
- Хүүхдийн байгууллагын багш нар үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.