Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахал гарч, хүн өвчлөн, 1 хүн нас барсан. Үүнтэй холбогдуулан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу түр хугацаагаар түдгэлзүүлэв. Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Хөвсгөл аймагт өнөөдрөөс эхлэн ахуйн зориулалтаар тарвага агнуулахгүй болж байна.
2025 онд эдгээр аймагт ахуйн зориулалтаар агнуулах тарваганы дээд хязгаарыг БОУАӨ-ийн сайдын 2024.12.25-ны А/896 дугаар тушаалаар тогтоожээ. Уг тушаалд заасан хязгаарт багтаан, эдгээр 6 аймгийн сумдын засаг дарга нар Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу 8 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 15-ны хооронд иргэддээ тарвага агнах зөвшөөрөл олгосон байна. Архангай аймагт 230, Баян-Өлгий аймагт 2100, Говь-Алтай аймагт 540, Увс аймагт 1000, Ховд аймагт 2000, Хөвсгөл аймагт 200 тарвагыг өнөө жил ахуйн зориулалтаар агнуулахаар БОУАӨЯ шийдсэн байв.
