horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

2026 онд цалин нэмэхгүй, тэтгэврийг 6 хувиар нэмнэ

post-img

2026 оны  төсвийн төслийг ирэх даваа гаригт нээх УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Ирэх онд Монгол улсын эдийн засгийг сайнгүй байх төлөвтэйг Засгийн газар хүлээн зөвшөөрч “Бүсээ чангалсан” төсвийг өргөн барьснаа мэдэгдээд байгаа юм.

Сонгуулиар үнийн өсөлттэй уялдуулж цалин тэтгэврийг тогтмол нэмнэ гэдэг амлалт өгч байсан эрх баригчид эдийн засаг сайнгүй гэдэг шалтгаанаар ирэх онд ч бас цалингийн санг нэмэх нь битгий хэл хумих төлөвлөгөөтэй байна. Учир нь 2026 онд цомхтголыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн.

Бүсээ чангалж байгаа гэдэг утгаараа цалин нэмэхгүй байхаар шийдсэнээ танилцуулж байна. Харин үнийн өсөлтийг харгалзан үзэж ахмадын тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэх тооцоолол боловсруулжээ. 6 хувийн тэтгэврийн өсөлтийг тооцож үзвэл сар бүр өссөөр байгаа инфляцын түвшинтэй уялдахгүй нэмэгдэл гэдгийг харж болохоор байгаа юм. Тодруулбал бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг буюу 6 хувиар нэмэгдвэл 41340 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг.

Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572 мянган төгрөг нь 34320 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл инфляц өнгөрөгч 8-р сард 8,8 хувиар өссөн байна. 9-р сараас эхлэн халаалт, түлээ түлшний зардал, сургалтын төлбөр гээд зардал өсөж эхэлдэг учраас үнийн өсөлт 2 оронтой тоонд орох эсэхийг үгүйсгэх арга байхгүй. Тасралтгүй өссөөр байгаа үнийн өсөлтийн энэ савлагааны эсрэг засгийн газрын санал болгож байгаа тэтгэврийн 30-40 мянган төгрөгийн нэмэгдэл ахмадуудын хэрэглээнд хүрэх үү гэдэг асуулт урган гарч байна.

Ирэх жил эдийн засгийн өсөлт 8 хувьтай байх прогноз байхад ахмадуудын тэтгэврийг 6-хан хувиар нэмэгдүүлж байгаа нь ахмадуудын амьжиргааны зардал одоогийнхоос муудах нөхцөл болох юм. Хэдийгээр тэтгэврийн 6 хувийн нэмэгдэлд нийтдээ 378.4 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа ч энэ нь нийт тэтгэвэр авагчдын гар дээр очих мөнгөнд дорвитой нэмэгдэл үзүүлж чадахааргүй байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авагчдын тоо 531 мянга давчхаад байхад 300 гаруй тэрбумаар ахмадуудын амьжиргааг сайжруулах бололцоо байхгүй.

Иргэдийн амьжиргаа өдөр өдрөөр дордсоор байгаа өнөөдрийн нөхцөл байдлыг засгийн газар ирэх онд дээрдүүлэх талаар ямар нэгэн алхам хийж чадахгүй бололтой. Төсвийн зардлаа хүртэл шийдэх аргаа олоогүй Монголын төр иргэдийн цалин тэтгэвэр амьжиргаанд нь хүрэлцэж байгаа эсэхэд санаа тавихгүй гэдгээ 2026 оны төсвийн төслөөрөө ийнхүү ил цагаан зарлалаа.

0/1000