УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа газрын тооллого явуулах, хяналтын сонсгол хийх тухай хэлэлцжээ. 1992-2025 онд Улаанбаатар хотод эзэмшүүлэх, өмчлүүлэх хэлбэрээр олгосон газрын тооллого явуулж, хяналтын сонсгол хийхээр АН-ын бүлэг санаачилж, 37 гишүүн гарын үсэг зуржээ. 32 гишүүн гарын үсэг зурснаар сонсгол хийдэг. Үүний дагуу энэ 7 хоногт энэ тухайгаа УИХ-ын даргад өргөн мэдүүлж, УИХ-ын тогтоолын төсөл батлуулах юм байна.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Монгол Улсын хүн амын 45 орчим хувь нь аж төрж, амьдарч байгаа нийслэлийн газар олголтын мэдээллийг ил тод болгоё. АН-ын байр суурь бол далд байгаа мэдээллийг ил тод болгоё. Тэр дундаа газар бол улсын өмч гэдэг. Нийтийн өмч болсон, эмнэлэг, сургуулийн эдэлбэр газар, Богд уулыг тойрсон тусгай хамгаалалттай бүсэд отог нэртэй орон сууцны маш олон хороолол босож байна. Улаанбаатарт амьдарч ажиллаж буй хүний 50 орчим хувь нь инженерийн дэд бүтэцгүй газарт амьдарч байна. Газраа өмчилж авъя гэхэд газар байхгүй гэдэг. Хүүхдийн тоглоомын талбай дээр нэг мэдэхэд, газар олгоод, барилга барьж байгаа нь хууль зөрчиж байгаа эсэх дээр дүгнэлт гаргая.