Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Баруун далай” хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих 300МВт цахилгаан станц барих төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд жилд 1,460-1,890 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх төлөвлөгөөтэй юм. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, импортын хамаарлыг бууруулах, тогтвортой эх үүсвэр бий болгох зэрэгт чухал ач холбогдолтой.
Мөн “Улаанбадрах 300МВт цахилгаан станц” төслийг дагасан Баруун далай ордыг ашиглах ил уурхайн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусган, ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Техник технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжсэн байна. Цаашид “Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар оруулж, хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй аж.
“Улаанбадрах 300МВт цахилгаан станц” төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусган, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталжээ. Харин төслийн Бүрэн шинжилгээний ажлын гүйцэтгэл 65 хувь, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын гүйцэтгэл 40 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд гидрогеологийн нарийвчилсан эрэл, судалгаа дээжлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Хужирт сэртэн” ХХК шалгарч гэрээ байгуулаад байна.