Иргэн Э.О, Д.Э нар 2022 онд “Х” банктай ипотекийн зээлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэгт байршилтай орон сууц худалдан авчээ. Ингээд “Х” банкаар зуучлуулан “М” ХХК-тай мөн оны 12 сард “Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулсан байна. Уг гэрээнд зааснаар зээлдэгчийн амь насны нөхөн төлбөрийг 100% буюу зээлийн үлдэгдэл болох 40.6 сая төгрөг төлөхөөр тусгажээ.
2023 оны 1-р сард даатгуулагч Э.О осгож нас барсан аж. “М” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 23.4 сая төгрөг төлжээ. Д.Э нь даатгалын төлбөрийг 100% буюу 40.6 сая төгрөг төлөх ёстой гэж марган, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан аж. СЗХ уг гомдлыг хянаад, даатгуулагчийн хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэж үзсэн байна.
“М” ХХК уг шийдвэрийг биелүүлэлгүй, үлдэгдэл 17.1 сая төгрөгийг төлөлгүй “Д.Э бол даатгалын нөхөн олговор шаардах эрхтэй этгээд биш. Бид хууль, журмын дагуу хувь тооцон олговор олгосон” гэж маргалджээ.
Ингээд шүүхэд хандсанаар шүүх энэ хэргийг хэлэлцлээ. Даатгалын гэрээний хувьд даатгуулагч нарын амь нас эрсэдсэн үед тооцох зээлийн төлөгдвөл зохих үнийн дүн, олговол зохих даатгалын нөхөн төлбөрийн хувь хэмжээг гэрээний талууд харилцан тохиролцдог. Нэгэнт тохиролцсон бол уг тохиролцоо нь гэрээний талуудын харилцан хүлээх үүрэг болно. Иймд нэхэмжлэгч Д.Э зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч, улмаар даатгалын гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд Э.О-ын гэнэтийн ослоор нас барсантай холбоотой зээлийн гэрээний эргэн төлөлтөд үүссэн эрсдэлийг төлүүлэхээр шаардах эрхтэй хэмээн шүүх дүгнэжээ. Даатгалын компани үүнийг үл зөвшөөрч, давж заалдсан боловч ялагдсан тул УДШ-д хандсан аж.
УДШ 2025 оны 6 дугаар сарын 24-нд уг гомдлыг хянаад, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.