УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг танилцуулсан билээ. Үүний дараа УИХ-ын гишүүд хуулийн төслүүдтэй холбоотой асуулт тавьж, хариулт авах ёстой байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авах болсон үндэслэлээ “Монгол Улсын төсөв дунд хугацааны төлөвлөлттэй уялдсан байх ёстой. Дунд хугацааны төлөвлөлт гэдэг нь наад зах нь таван жилийн төлөвлөлт байх ёстой. УИХ-аар 2030 он хүртэлх таван жилийн төлөвлөлтөө батлах учиртай. Батлах ёстой төлөвлөлтөө батлаагүй байж нэг жилийн төлөвлөлтөө түрүүлж оруулж ирсэн нь дарааллын хувьд буруу. Тиймээс энэ асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт тавьж байна, шийдэж өгөхийг хүсье. Мэдээллээр мөн хангаж өгөхийг хүсье” гэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь Ардчилсан намын бүлэгт завсарлага өгснөөр ирэх лхагва гариг хүртэл хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.