ЭХЭМҮТ-д улс төр гэдэг идээ бээр халдаж, захирал, даргаар зогсохгүй эмчийг хүртэл улс төрийн томилгоогоор авчирдаг болжээ. Үүний урхгаар өдгөө ЭХЭМҮТ эх, хүүхдийг авардаг биш, алдаг газар болоод байна.
Ковидын үед дөнгөж амаржсан эмэгтэйг гэрийн халаад, шаахайтай нь дүн өвлөөр өөр эмнэлэг рүү зөөснөөс үүдэж Монгол Улсын Ерөнхий сайд огцорч байсан түүх бий. Тэгвэл эхийн эрүүл мэндээр тоглож, нярайн амийг зольсон ЭХЭМҮТ-ийн захирал, эмч, сувилагч нарыг яах ёстой вэ?
Баримт 2. Ихэр хүүхдээ эсэн мэнд төрүүлэхээр ЭХЭМҮТ-д хандсан иргэн А кесар хагалгаагаар 2 хүүхдээ төрүүлжээ. Гэсэн ч кесарын дараа түүний гэдэс зовуурилж, удалгүй хавагнан хөөж эхэлсэн байна. Энэ оны 9-р сарын 6-нд түүнийг яаралтай хагалгаанд оруулахад нарийн, бүдүүн гэдсэнд нь идээ бээр хуримтлагдаж, хавагнан хөөгөөд, хэвлий дотроо гэдэс нь багтахаа больсон байжээ.
Түүнийг аврахын тулд Улсын нэгдүгээр төв эмнэлгээс дотрын мэс заслын эмч дуудаж, нарийн болон бүдүүн гэдсэнд нь үүссэн идээг цэвэрлэж, ариутгасан байна. Үүний дараа үрэвсэл, идээ бээрийн голомт болсон савыг нь авчээ. Ийн уг эмэгтэйн амь насыг аварсан байна.
Уг эмэгтэй одоо ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт удаан хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ эмэгтэй амьд үлдсэн ч савгүй болсон тул дахин хүүхэд төрүүлэх боломжоо бүрэн алдсан.
Түүнд кесар хагалгаа хийхдээ саванд нь халдвар оруулж, идээ бээр үүсэхэд хүргэсэн эмч, сувилагч нарт одоогоор ямар нэгэн хариуцлага тооцоогүй байгаа аж.
Баримт 3. Савж унаснаас үүдэлтэйгээр тархиа гэмтээсэн 1 ой 7 сартай хүүхэд ЭХЭМҮТ-д өнгөрөгч 6-р сард хандсан юм. Тэр үед тус эмнэлгийн компьютер томограф эвдэрсэн байв. Үүнээс болоод, уг хүүхдийг өөр эмнэлэг рүү зөөжээ. Тархины гэмтэлтэй хүүхдийг ингэж зөөснөөс болоод, амиа алдсан байна.
Баримт 4. Монгол Улсад хүн эмчлэх зөвшөөрөлгүй америк эмчээр ЭХЭМҮТ олон хүүхдэд хагалгаа хийлгэсэн. Энэ нь илэрсэн боловч ЭМЯ, холбогдох бусад байгууллага үүнд огт анхаарал хандуулсангүй. Тэр хэрэг одоо мартагдах шатандаа орж байна. Тухайн үед уг хэргийг Нэгүүн.мн саит мэдээлсэн ч наадмын үеэр мартагдав.
Баримт 5. Амаржих газрын хайхрамжгүй эмч, эх баригч нар эхийн хэвлийгээс дөнгөж мэндэлж байгаа нярайн эгмийг хугалах явдал гардаг байна. Ийм алдаа ЭХЭМҮТ-д өмнө нь жилд 1-2 удаа бүртгэгддэг байсан бол 2025 оны 1-6 дугаар сард 23 нярайн эгмийг хугалсан байх юм. Эхийн хэвлийд эсэн мэнд бойжсон нярайг аятайхан гаргаад авчхаж чадахгүй, ясыг нь хугалдаг эх баригч, эмч гэж байж болох уу?
Хэрэв ЭХЭМҮТ эх, нярайд мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадамжаа бүрэн алдсан бол бүх ажиллагсдыг нь толгой дараалан солих шаардлагатай. Чаддаггүй нь чаддаг юмаа хийг. Ажлаас нь чөлөөлж явуулах ёстой. Чаддаг хүмүүсийг нь авчирч, ажиллуулах шаардлагатай байна.