“Нүүрсний” гэх тодотголтой хэргээр 2.6 жил хорих ял сонсож, ял эдэлж байгаа УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өнөөдөр магадлангаар суллагдахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал: “Нүүрсний” гэх хэргийг шүүх хурал өнгөрсөн оны 1 дүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жил хорих ял, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сар хорих ял оноож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрлэсэн.
Тэд анхан шатны шүүхийн эл шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны есдүгээр сарын 12-ны өдөр хэлэлцээд, Т.Аюурсайханы хорих ялыг 2.6 жил, Б.Ганхуягийн хорих ялыг 3.9 жил болгож бууруулсан юм.
Тэгвэл Т.Аюурсайхан шүүхээс оноосон хорих ялын дийлэнхийг биечлэн эдэлж, магадлангаар суллагдах боломжтой болсон байна. Түүнийг өнөөдөр /2025.09.16/ хорих ангиас суллаж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.