Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн 7 хоногт татвараас зайлсхийсэн 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Иргэн Д.Т их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 1 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, бусдаар хий бичилт хийлгэжээ. Улсын төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 100 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн түүний эл хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.
Иргэн Ц.Н, А.М нар аж ахуйн нэгж, байгууллагуудаас хий бичилттэй баримтаар их хэмжээний бүтээгдэхүүн худалдан авч, төсөвт төлөх татварыг бууруулж, татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн байна. Үүгээр зогсохгүй, тухайн аж ахуйн нэгжүүдээс үнийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар дамжуулан авчээ. Тэдний уг хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.