“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Н.Энхбатад холбогдох шүүх хурал өнөөдөр 09:00 цагаас нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэллээ. Нөхөртөө алуулсан эмэгтэйн ээжээс дараах зүйлсийг тодрууллаа.
–Тухайн үед юу болсон юм бол. Энэ хэргийг яаж шийдэгдээсэй гэж та бодож байна вэ?
-Маш аймшигтай юм болсон. Миний охиныг маш зэрлэгээр олон удаа хутгалж, хөнөөсөн. Бичлэгээс нь харсан. Бид тухайн үед дэргэд нь байгаагүй. Маш хүнд байдалтай өдийг хүрлээ. Өнөөдөр энэ хэргийг шийдэх шүүх хурал болох гэж байна. Шүүх шударгаар шийдэж, ялын дээд хэмжээ, бүх насаар нь хорих ял өгөөсэй гэж хүсэж байна.
-Таны охиныг нөхөр нь байнга зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэсэн. Үүнийг та мэддэг байсан уу?
-Мэддэг байсан. Охиноо, үр хүүхдээ бодоод шууд салгаад авчхаж чадаагүй. Одоо болтол үүндээ харамсдаг. Бидний хажууд ийм араатан байсан гэдгийг, арай ч эхнэрээ хөнөөгөөд, 3 хүүхдээ өнчрүүлчихнэ гэж санаагүй. Талийгаач ч гэсэн арай ч ингэнэ гэж бодоогүй явсан болохоор баригдаад, алуулчихлаа гэж бодож байна.
–Хэрэг гарах үед маш олон хүн харж байсан байдаг. Тэд ямар нэг үйлдэл хийгээгүй, туслаагүй гэсэн. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Амийг нь аврах боломж байсан гэж бодож байна. Тухайн үед тэр олон хүн яагаад юмаар цохиод, хурдыг нь сааруулчихаагүй юм. Салгаад, аварчихаагүй юм. Бичлэг хийгээд зогсож байсанд нь харамсаж байна.
–Таны охин салах өргөдлөө өгсөн. Шүүх эвлэрэх хугацаа өгсөн гэсэн. Тийм үү?
-Гэр бүлийн хүчирхийлэлд байгаа эмэгтэйчүүдийг эвлэрэх хугацаа өгч, цаг алддаг нь буруу юм байна. Гэр бүл салах өргөдөл өгснөөс хойш 2 хоноод л ийм хэрэг болсон.
-Мөрдөн шалгах явц хэр явагдсан бэ?
-Хохирогчийн талаас 1 л хүн оролцуулна гэсэн. Манай дунд охин явж байгаа. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэдэг талаас нь явчихсан. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг талаасаа дутуу юм уу гэж санагдсан. Биднээс бол мэдүүлэг аваагүй.
-Хэрэг хэрхэн шийдэгдээсэй гэж хүсэж байна вэ?
-Бүх насаараа хорих ялтай. Амьд явах эрхгүй.
-Хүүхдүүд нь хэр байгаа вэ?
-Хүүхдүүдийнх нь сэтгэл санаа маш хүнд байгаа. Одоо болтол шоокноосоо салж чадаагүй. 2 том нь бүүр хүнд байгаа.