Төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалт жил бүрийн есдүгээр сарын 15-наас эхэлдэг. Гэвч нийслэлийн зарим дүүргийн орон сууц болон сургууль, цэцэрлэг, эмнэлэгт дулаан ирээгүй байгаа аж. Хүйтний эрчтэй нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд халаалтаа аваагүй айлууд болоод сургууль цэцэрлэгүүдэд хүүхдүүд зутрах эрсдэлд ороод байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК Шуурхай удирдлагын албанаас орон сууцны конторуудын орон сууцуудыг дулаанаар хангах ажил үргэлжилж байгааг мэдэгджээ. Улаанбаатар хотын баруун бүс болон зүүн бүсийг хэсэгчилсэн байдлаар дулаан тавигдсан. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд дулаанаар хангах ажил 70 хувьтай үргэлжилж байна. Баруун бүсийн дулаан түгээлт, дулаан холболтын ажил эд дундаа өрнөж байгаа бөгөөд энэ долоо хоногт төлбөрийн үлдэгдэлгүй айл өрх, сургууль, цэцэрлэг болон эмнэлгийг нэгдсэн дулаанаар хангах аж.
Орон сууц, сургууль, цэцэрлэг болон эмнэлэг рүү 80 градусын дулааныг нийлүүлдэг. Зарим хүйтний саруудад 80 градусаас илүү дулаан олгодог. Гэхдээ орон сууц, сургууль, цэцэрлэгт хүрч байгаа дулаан 45 градусаар ихэвчлэн очдог. Эд хүйтний улиралд 120-150 градус дулаан нийлүүлдэг. Үүнээс гадна орон сууцны шугам хоолой болон гэр доторх паар нь бохирдол, бөглөрсөн, хий их үед дулаан хангалтгүй очдог байна. Нийслэлийн хэмжээнд 178 сургуулиас 63 сургууль дулаан авчээ. Мөн 159 цэцэрлэгээс 50 цэцэрлэгт, 113 эмнэлгээс 43 эмнэлгийн дулааныг бүрэн тавьсан гэнэ.
Үлдсэн сургууль, цэцэрлэгийг удахгүй дулаанаар хангах ажил өрнөнө. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүрэг “УБДС” ТӨХК-д дулааны эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөр болон шугам тоноглолын засвар үйлчилгээгээ хийгээгүй байгаа юм. Өнөөдрийн байдлаар 10705 оршин суугч эрчим хүчээр хангагдах боломжгүй байгааг холбогдох газраас мэдэгджээ.