УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэгдэх хэлэлцүүлгийг хийх юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээрх хуулийн төслүүдээр завсарлага авсан нь өнөөдөр дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх болж байна. Дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч эхэллээ.
330 сумаас 200 гауй сум зуншлага тааруу байсантай холбоотойгоор өвөлжилт хүндрэх вий гэдэг болгоомжлол яригдаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
-Үнийн өсөлт гаарсан гэдгийг ҮСХ-ны тайлан баталж байна. Тэтгэвэр бага авдаг ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл хэт бага тусахаар болжээ. Энэ үнийн өсөлтөд тэтгэврийн нэмэгдэл нийцэхгүй байгаа юм бишүү? Ахмадууд улсад төлсөн мөнгөө эргүүлж авах үед ингэж амьжиргаанд нь хүрэлцэхгүй тогтоож болдог юм уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэвэр 400 мянга хүрэхгүй байгааг анхаарч үзсэн үү? Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцжуулах асуудлыг орхигдуулчихав уу? хэмээн асуув.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Бид инфляцийг тогтвортой барихад чиглэсэн шахуу арга хэмжээ авч ажиллаж байна. Төв банкнаас оновчтой мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд чиглэж хамтран ажиллаж байгаа. Хүнсний хангамжийг тасалдуулахгүй чиглэлд анхаарч ажиллаж байна. Үнийн өсөлтөд нийтийн тээврийн тасалбарын үнэ, эрчим хүчний үнийн өсөлт тодорхой хувиар нөлөөлсөн. 2026 онд инфляци эдийн засгийн өсөлт 7 хувьтай байх болов уу гэдэг төсөөлөлтэй байна. ҮСХ инфляцийг хэрхэн тооцсон талаараа мэдээлэл өгөх байх.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Би Ж.Баясгалан гишүүнтэй санал нэг байна. Гэхдээ тэтгэврийг жигд хувиар нэмэхээс өөр арга байхгүй учраас жигд нэмэхээр шийдсэн.
ГБХНХ-ын сайд Т.Аубакир:
-Бид тэтгэврийг 10,3 хувиар нэмэгдүүлэх санал өгсөн ч тэтгэврийг 6 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн.