horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч нар давж заалдаж байна

post-img

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Хөвсгөл аймагт болж байна. Тус компанийг үүсгэн байгуулагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдаж байгаа юм. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 09:30 цагт Хөвсгөл аймгийн шүүхийн байрны “А” танхимд эхэллээ.

Уг хэрэгт нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус аймгийн шүүхэд шилжүүлсэн юм. Хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Намхайдорж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүн хянан хэлэлцэж байна.

Шүүх хуралд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ундармаа, У.Дэндэвдорж, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмардорж, К.Манлай, С.Батнасан, Г.Минжмаа, Ю.Тогмид, Т.Золбоо, хохирогчийн өмгөөлөгч Д.Содномдорж, нэр бүхий 25 хохирогч цахимаар болон биечлэн оролцож байна.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эдгээр 14 хүнд холбогдох хэргийг 2024.11.14-нд шийдвэрлэсэн юм.

Уг шийдвэрийг эргэн сануулбал:

Шүүгдэгч Дагвадоржийн Цэнгэнбаяр, Чадраагийн Очир нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч Чадраагийн Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн.
Шүүгдэгч Ганбаатарын Нямдэлгэр, Сандагдоржийн Ганбаатар, Ренчингийн Бузмаа, Ганбаатарын Нямдалай, Ганбаатарын Пүрэвсүрэн, Нямаагийн Уяабор нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж, байнга тогтвортой үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайг тогтоосон юм.

Шүүгдэгч Болдбаатарын Мэндсайханыг шүүгдэгч Г.Пүрэвсүрэнтэй бүлэглэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Оноосон ял:

  • Шүүгдэгч Г.Нямдэлгэрт нийт 12 жил хорих ял,
  • Шүүгдэгч С.Ганбаатарт нийт 9 жил хорих ял,
  • Шүүгдэгч Р.Бузмаад нийт 9 жил хорих ял,
  • Шүүгдэгч Н.Уяаборт нийт 9 жил хорих ял,
  • Шүүгдэгч Г.Пүрэвсүрэнд нийт 7 жил хорих ял,
  • Шүүгдэгч Г.Нямдалайд нийт 6 жил хорих ял,
  • Шүүгдэгч Ч.Очирт нийт 5 жил хорих ял,
  • Шүүгдэгч Д.Цэнгэнбаярт нийт 4 жил хорих ял,
  • Шүүгдэгч Б.Мэндсайханд нийт 2 жил хорих ял оноосон.

Шүүгдэгч Б.Мэндсайханд оногдуулсан 2 жил хорих ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсон юм.

Хохирлын хувьд шүүгдэгч Д.Цэнгэнбаяраас 2.666.998.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Очироос 1.440.451.936.31 төгрөгийг,
шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас тус бүр 5.635.311.015 төгрөг 1 мөнгө гаргуулж, нэр бүхий 2606 хохирогчид хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэв. Нэр бүхий 1744 иргэний хариуцагч нараас 7.183.957.050 төгрөг гаргуулж, нэр бүхий 2606 хохирогчид хувь тэнцүүлэн олгохоор боллоо.
Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Д.Цэнгэнбаяр, Ч.Очир нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 58.389.215 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий Газарт олгохоор шийдвэрлэсэн юм.

0/1000