horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хууль бус ашигт малтмал олборлож байжээ

post-img

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хууль бус олборлолт явуулж байсан хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо. Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Хризо праза групп” ХХК, “Жинжий майнинг” ХХК, “Түм их эрхэд” ХХК-ийн уурхайд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж үйл ажиллагааг бүхэлд хаалаа.

Уулын ажлын төлөвлөгөөнд заасан тоног төхөөрөмжийг хэтрүүлсэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж ажиллаагүй “Чамин алт” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэсэгчлэн зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж дээрх зөрчлийг илрүүлжээ. Уг хяналт шалгалт нь байгаль орчинд учирч болзошгүй эрсдэл, хууль бус ашигт малтмал олборлолтын зөрчил, үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах зорилготой юм.

Хяналт шалгалтаар 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, газар, усны гэрээ хийгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу Ашигт малтмалын тухай хуулийн 35, 38, 39 дүгээр зүйлд заасан шаардлага, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, өмнө хийсэн шалгалтаар тавьсан лац тэмдэг хөндсөн байжээ.

Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Бага өлөнт” гэх газарт 3 иргэн 1 экскаватор, 1 ширхэг алт угаах төхөөрөмж ашиглан хууль бусаар олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Холбогдох бичиг баримт, зөвшөөрөлгүйгээр Бэрлэгийн цагаан тохой гэх газарт нэвтэрсэн 2 экскаватор, 2 ачааны машин, 1 сууцны зориулалттай чиргүүл бүхий иргэдийг албадан буцаах арга хэмжээ авч ажиллаж байна.

0/1000