“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Н.Энхбатад холбогдох шүүх хурал өнөөдөр 09:00 цагаас нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлж, шүүх бүрэлдэхүүн сая шийдвэрээ танилцууллаа. Яллагдагчийн гэм бурууг шүүгч Б.Булгантамир, Н.Далайхүү, Г.Энхцэцэг нар дэнсэлсэн бол улсын яллагчаар нийслэлийн прокурор С.Баярмаа оролцов.
Н.Энхбатад улсын яллагч Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр”, 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зүйл заалтаар яллаж байгаа юм. Энэ нь 12-20 жил, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх заалттай. Н.Энхбатын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, бүх насаар нь хорих ял оноон, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр улсын яллагч санал гаргав.
Н.Энхбат хүн алах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хийсэн гэм буруутай гэж шүүх үзэв. Ингээд улсын яллагчийн төлөвлөсөн ялыг шүүх санал нэгтэйгээр дэмжжээ. Цагдан хоригдсон 82 хоногийг хорих ялаас хасах юм байна.
Н.Энхбатаас оршуулгын зардал 19.7 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 162 сая 360 мянган төгрөг гаргуулж, талийгаачийн хүү Э.Дөлгөөнд олгуулахаар шүүх шийдвэрлэв. Талийгаачид тусламж үзүүлсэн эмнэлгийн зардал 1 сая 477 мянган төгрөг болжээ. Үүнийг Н.Энхбатаар ЭМДС-д нөхөн төлүүлэхээр шүүх тогтов.
Хохирогч тал 10 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн юм байна. Уг мөнгийг Н.Энхбатаас нэхэмжилсэн ч шүүх хэрэгсэхгүй болголоо.
Талийгаачийн насанд хүрээгүй 2 хүүхдэд асран хамгаалагч тогтоож өгөхийг Баянгол дүүргийнх нь засаг даргад даалгав.