Хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр найдвартай хангах, түгээлтийн алдагдлыг бууруулах, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх зорилготой “Ухаалаг тоолуурын шинэчлэл, зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 974,311 цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд 1,016,817 тоолуураар борлуулалт хийж байгаагаас 2025 оны хагас жилийн гүйцэтгэлээр 386,324 буюу нийт хэрэглэгчдийн 38%-ийг ухаалаг тоолуураар шинэчлээд байна.
Цаашид үлдсэн 630.5 мянган ширхэг буюу 62%-ийг 2028 оны түвшинд шинэчилж дуусгах зорилт тавин ажиллаж байна.
Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй 26 компанийн 100 гаруй төлөөлөгч хэлэлцүүлэгт оролцов.
Хэрэглэгчдийн хувьд хүссэн үедээ үнэн зөв мэдээллээр хангагдан хэрэглээгээ хянаж хэмнэлт хийх, байршлаас үл хамааран төлбөрөө төлөх, нар салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглах, үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй авах боломж бүрдэнэ. Эрчим хүчний салбарын хувьд хэрэглэгчийн эрчим хүчийг оновчтой зөв төлөвлөх, бодит хэрэглээнд суурилсан тарифийн зохицуулалт хийх, түгээлт, хэрэглээг бодит цагт хянах, алдагдал, хууль бус хэрэглээг бууруулж эдийн засгийн чадавхийг сайжруулах зэрэг ахиц дэвшил гарч цаашид “Ухаалаг сүлжээ”-д шилжих суурь нөхцлийг бүрдүүлэх юм.