horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүн алж, чемоданд хийгээд, зургаа авахуулсан хэргийг дутуу шалгасан гэж шүүх үзлээ

post-img

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх яллагдагч Ц.Дагвадоржид холбогдох хэргийг өчигдөр 16:00 цагаас урьдчилан хэлэлцээд, прокурорт буцаалаа. Түүнд 2024 оны 6 дугаар сард хоёр удаагийн үйлдлээр хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүн алсан, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, кибер орчинд хууль бусаар халдсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, залилах, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Яллагдагч Х.Энхсайханыг 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн мөрдөн шалгасан байна.
Эдгээр хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, 2024.11.29-ний өдөр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай хийгээд, хэргийг прокурорт буцаажээ. Ингэхдээ “…хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хохирогч А, Б нарыг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна… гэсэн үндэслэлээр хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаажээ.
Тодруулбал, нийгмийн сүлжээнд зураг нь тавигдсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг хүн алах гэмт хэрэгт хамтын оролцоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, өөрөөр хэлбэл амь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан энэ хэрэгт зайлшгүй шалгаж тогтоолгох талаар гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн байна. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаасан аж.
Уг шүүхийн шийдвэрийг энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор эс зөвшөөрч, Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч тус шүүх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцаж улмаар шүүхэд 2025.08.21-ний өдөр дахин шүүхэд шилжүүлсэн байна.

2025.09.17-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч нарын “Заналхийлэх гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон байгаа Э.Н, Э.Г нар хүнийг алах гэмт хэрэг хамтран үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлийг өмнөх шүүх хуралдаанд гаргасан. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан боловч уг ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээр хэргийг дахин шүүхэд ирүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу, бүрэн биш хийсэн, шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Түүнчлэн хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан буюу хохирогч Ч.Ш-н хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Б.Солонгод хэргийн материалыг танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзээд хэргийг прокурорт буцаалаа.

Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн хэн хэрхэн хамтран оролцсон зэрэг хэргийн бодит байдлыг бодитойгоор тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ.
Тухайлбал, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог. Прокурорын хяналт доор мөрдөн шалгах байгууллага хуульд заасан журмын дагуу хэргийг шалгадаг. Шүүх хэрэг шалгадаггүй.
Тиймээс хохирогч Ч.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг буцаажээ.

0/1000