Говь-Алтай аймгийн Шарга суманд 2022 онд “Их цэнхэр” ХХК-ийн улсын төсвийн 1 тэрбум 512 сая төгрөгөөр барьсан 75 хүүхдийн цэцэрлэгийг дээврээс дусаал гоождог болжээ. Энэ цэцэрлэг 2 давхар. 2-р давхарт байрлах дунд болон бэлтгэл бүлгийн таазнаас дусаал гоожиж байна. Дусаал цахилгааны шугамд хүрч, уг цэцэрлэгийн бүх гэрэлд богино холболт үүсэн, гэрлүүд нь анивчдаг, амархан шатдаг болжээ.
Тус цэцэрлэгийг “Их цэнхэр” ХХК ашиглалтад хүлээлгэж өгснөөс хойш удалгүй дээврээс нь дусаал гоожиж эхэлсэн байна. Өнгөрсөн шөнө (2025.09.22)-ийн 03:00 цагийн үед тус суманд бороо оржээ. Үүний улмаас уг цэцэрлэгийн дээврээс дахин дусаал гоожлоо. 2-р давхарт байрлах унтлагын өрөө, хичээлийн танхимын таазнаас дусаал гоожиж, хүүхдүүдээ хүлээж авах аргагүй болжээ.

“Их цэнхэр” ХХК-д тус цэцэрлэгээс амаар болон албан бичгээр удаа дараа мэдэгдэж, дээврээ засуулахаар хандсан ч “Шувуун нурууг нь засна” гэж мэдэгдчихээд, өнөөдрийг хүртэл таг болжээ.
