horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Мал чинь тэжээлийн дутагдалд орсныг малчин Та мэдэх хэрэгтэй

post-img

Ойлгож байна аа, малчдыг. “Алдсан хүн 10 тамтай, авсан хүн 1 тамтай” гэдэгчлэн малаас нь гажиг төл гарвал хойд зүгийн хар овоохой болсон уул уурхайгаа л малчид хардаж таарна. Тэгж ч байна.

Гэхдээ хардахад бас үндэслэл, сэжүүр байх учиртай. Даанч малчдад тийм юм алга. Учиргүй их хар л байна. Хардалт хэрээс хэтэрвэл сэтгэцийн өвчин болдог гэдгийг малчид одоо ухаарч, малаас нь гажиг төл гарсны шалтгааныг өөр талаас нь харж, ондоо зүйлээс хайх цаг боллоо. Хардалтад хүртэл хязгаар байх ёстой юм шүү, малчид аа!

Улаанбадрахын малчид нэг хэсэг гажиг төлийнхөө шалтгааныг урантай холбож хардсан. Одоо араас нь Мянгад сумынхан газрын ховор элементийг гайтай бүхэндээ буруутгаж эхэллээ. Угтаа бол гажиг төл ганцхан Улаанбадрах, Мянгадад гардаггүй. Гаж хөгжилтэй төл хаа сайгүй гардаг. Үүний шалтгаан нь уранд биш, малчин танд байгааг удаа дараагийн олон шинжилгээгээр тогтоолоо. Бүгдээрээ баримттай ярьцгаая.

ГАЖ ТӨЛИЙН ТОО: АРХАНГАЙ 35, ТӨВ 35, ДОРНОГОВЬ 11, ХОВД 7

Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос 2019 онд “Таван хошуу малд тохиолдож байгаа төрөлхийн болон олдмол гаж хөгжлийн судалгаа” хийжээ. 20 аймгийн мал эмнэлгүүд олон толгойтой, олон хөлтэй, битүү бөгстэй, үе мөчний гажигтай 253 төлийг бүртгэн авчээ. Архангай, Төв аймагт тус бүр ийм 35 төл гарсан байна. Уг судалгаанаас үзвэл хангай, өндөр уулын бүсийн малаас гажиг төл гарах магадлал өндөр аж. Архангай, Төв аймгийн малчид гаж төлийн талаар асуудал болгож яриагүй байхад 11 гаж төл төрсөн Дорноговь, 7 гаж төл бүртгэгдсэн Ховд аймгийн малчид шуугиан дэгдээгээд байдаг.

Улаанбадрахын 20 малчны хотноос нематод буюу дугариг хорхой, цагаан хорхой, эгэл биетэн шимэгч хорхой илэрчээ. Цаг агаар, бэлчээрийн өвсний чанар, малын өвчнөөс болоод гаж төл гарч, эх мал хээл хаяж байна гэж Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо дүгнэжээ. Манай малчид малын тоонд анхаараад, чанарыг орхисон учраас гаж төл гарч, мал нь давжаарч, ашиг шим нь муудаж байгаа. Үүнийг бүгд мэдэж байхад малчид л өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрч чадахгүй явна.

БЭЛЧЭЭРТ ШАРИЛЖ Л УРГАЖ БАЙНА

Гаж төл гарч буй нь уран, газрын ховор элементээс болоогүй. 1 мал бэлчих бэлчээрт 20 мал бэлчээсээр бэлчээрт шимтэй өвс ургахаа больсон. Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг харвал 20%-д нь даац хэтэрчээ. Ургамлан нөмрөгийн дийлэнх хувийг шүлхий шарилж, нэг наст ургамал эзэлж байна. Мал чинь шарилж идсээр идэш тэжээлийн дутагдалд орж байгааг малчин та мэдэх хэрэгтэй.

Ховд аймагт байдал бүүр ч аймаар. Бэлчээрийнх нь 68.5%-д нь даац хэтэрчээ. Мянгад, Жаргалант сумын нийт нутаг бүхэлдээ даац хэтэрч, мал идэх өвс алга. Өнөө үеийн малчдад мал маллах ухаан гэх юм байхгүй болж. Хамгийн наад зах нь  бэлчээрийнхээ ургамлыг таньдаггүй. Өвс, шарилжаа ялгадаггүй. Өвс шиг харагддаг шарилж байдгийг ч мэддэггүй. Гэтэл мэдлэггүй малчдыг өдөх мэт Монголд 110 зүйлийн шарилж ургадаг. Хөл доор нь ургаж байгаа цэцгийн нэр асуухад толгойгоо мааждаг.

Архангай, Төв аймгийн малчид гаж төлөө асуудал болгоогүй байхад 11 гаж төл төрсөн Дорноговь, 7 гаж төл бүртгэгдсэн Ховдын малчид шуугиан дэгдээгээд байдаг

Мотоцикл унаж давхихыг сурсан ч өвс ургамал таних, бэлчээр шинжих, малаа ажиглах, цаг агаар танадах ухаанаа малчид умартжээ. Тэгээд эцэст нь хот дүүрэн малтай ч хамар хатгах өвсгүй, 1000-аар тоологдох мал нь давжаа биетэй, нэрнийхээ өмнө мянгат малчин цолтой ч хэдэн ургамал таних нүдгүй малчид бий боллоо.

Бэлчээрт ургаж буй 1  ургамлын талыг нь мал идээд, талыг нь үлдээж байвал 24-36 хоногийн дараа нөхөж ургадаг. Талаас илүүг нь идвэл тэр ургамал нөхөн ургахдаа маш их шим тэжээл зарцуулж, 36-45 хоногийн дараа нөхөж ургана. Тэгтэл дахиад идчихвэл үндэс нь гэмтэж, дахин ургах чадвар нь илт мууддагийг судлаачид хэдийнэ тогтоосон. 5 хошуу мал нийт 24 сая байвал зохистой гээд 1980 онд тогтоочихсон байхад одоо манай улс 57.6 сая малтай.

Доройтсон бэлчээрт шим муутай багахан өвс идэж байгаа хэт олон малаас эрүүл төл гарахгүй. Шим тэжээл дутагдсан мал элдэв шимэгч, өвчинд баригдана. Үүнийгээ ойлгож, гаж төлийнхөө шалтгааныг уул уурхайгаас биш хотноосоо, өөрөөсөө хайх нь зөв шүү, малчид аа!

0/1000