horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчтэй тулах зүрхгүй ч Г.Занданшатартай бол үзнэ

post-img

МАН-ын даргын өрсөлдөөн улс төрийн хүрээнд гацаа, талцал үүсгэсэн асуудал болж хувираад байна. Хэдийгээр эрх баригч намын даргын суудал гэдэг утгаараа анхаарал татам өрсөлдөөн мөн боловч урьд хожид байгаагүйгээр МАН-ын хагарлыг гааруулсан тэмцэл өрнүүлж байгаагаараа энэ удаагийн МАН-ын даргын томилгоо онцлог болох нь. УИХ-ын даргын суудлаас намын даргын суудалд өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн Д.Амарбаясгалангийн эсрэг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ноцтой мэдээлэл хийсэн нь спикерийн зүрхийг хөөргөж, олны өмнө нээлттэй индэрт гаргахад хүргэснийг өчигдөр улс даяараа амьсгаа даран сонслоо.

Их хурлын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдлүүдэд дурдагдсан Ерөнхий сайд Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяр, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар нь Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй гэдгийг түмэн мэднэ. Гэвч спикерийн дайралтууд төрийн тэргүүн рүү биш, харин түүний дэмжлэгтэй улстөрчид рүү чиглэж байгаа нь анхаарал татаж байна. Магадгүй тэрээр Ерөнхийлөгчтэй ойр байгаа тойрон хүрээлэгч эрхмүүд МАН доторх хагарлыг эхлүүлсэн шүү гэдгийг хэвлэл мэдээллээр дамжуулж, төрийн тэргүүнд дайж хэлсэн байж мэднэ. Эсвэл шууд Ерөнхийлөгчтэй халзагнаж тулах зүрх зориг Д.Амарбаясгаланд дутсан ч байж болох юм.

Маргааш болох МАН-ын бага хурал 479 гишүүнтэй. Дүрмийн дагуу бага хурлын гишүүдийн 2/3-ын саналыг авсан нь дарга болох учиртай. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэсэн хоёр нэр дэвшигчийн аль нэг нь ийм өндөр санал авна гэдэг амаргүй даваа. Энэ өрсөлдөөний төлөө бага хурлын гишүүдийг өөрсдийн талд санал өгүүлэх лобби хоёр талд нэгэн зэрэг өрнөж байна гэдэг бор шувуу чих дэлсэх болжээ.
МАН-ын томчуудын дунд нэгнээ женкожуулж харлуулах пи ар өрнөөд удаж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнээс холдохгүй гэдгээ өчигдөр ч зарлаад авсан. Үүнтэй холбоотойгоор экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах “Херо энтертайнмент”-ийг үүсгэн байгуулагч Б.Баатарын ах гэдэг утгаар “Д.Амарбаясгалан МАН-ыг женкожуулж байна” гэдэг цуурхал цахим орчинд эрчимтэй өрнөж байгаа юм. Харин үүний эсрэг Ерөнхий сайд Г.Занданшатар нутгийн ах Женкогийнхоо дэмжлэгээр мөнгө тараасан, бага хурлын гишүүдээ “Баянгол” зочид буудалд буулгаж, өрсөлдөөнд зэхэж байгаа тухай яриаг ч эсрэг талаас нь өрдсөөр байна. Ямартаа ч МАН-ын даргад нэр дэвшиж байгаа 2 эрхмийн аль алийг Женкотой хамаатуулж харлуулах тактик энэ 7 хоногийн цахим орчинд анхаарал татсан мэссэжүүд байлаа.

МАН-ын даргын суудал өмнө нь хэзээ ч ийм ширүүн улс төр үсчүүлсэн өрсөлдөөнтэй байсангүй ээ. Нэгийгээ алуурчин, гэмт хэрэгтэн гэж зарлах хүртлээ МАН-ын даргад нэр дэвшигчид хоорондоо тэмцэлдэж байна. Одоогоор нам доторх хагарлыг арилгахын тулд намын даргын суудалд өрсөлдөж байгаагаа Д.Амарбаясгалан мэдэгдэж байгаа ч өнөө л үе хоорондын өрсөлдөөн МАН-ын даргын сонгуулиар өрнөлөө. 80-аад оныхны дэмжлэг бага хуралдаа олонхыг бүрдүүлж чадахгүй нь тодорхой. Гэхдээ тэдэнд 50-60 оны ах нарынх нь дэмжлэг ирэх эсэх нь одоогоор тодорхой биш байна.

0/1000