Гадаад руу аялагчдад зориулсан өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Монголын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран Дэлхийн Аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “OUTBOUND TRAVEL MART (OTM) 2025” -Гадаад аяллын өдөрлөгийг зохион байгуулж байна.
Тус өдөрлөг нь МАЖХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай Монгол Аялагч-Гадаадад хэрэгжүүлцгээе” уриан дор болно. Гадаад улс руу аялах сонирхолтой иргэдэд дараах боломжийг олгох юм. Үүнд:
- Аяллын мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос авах
- Албан ёсны бүртгэлтэй тур операторуудтай танилцах
- Аяллын компаниудын хөнгөлөлттэй багцад хамрагдах, шууд захиалга хийх
- Хариуцлагатай аяллын талаарх мэдээлэл, уриалгад нэгдэх зэрэг монгол аялагч нарт хэрэгтэй мэдээллийг түгээн сурталчилна.
Жил бүрийн 9 дүгээр сарын 27 нд дэлхийн өнцөг булан бүрт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхаарах, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор уламжлал болгон тэмдэглэн иржээ. Зорилго нь хүмүүст дэлхий ертөнцтэй танилцах, баяр баясгаланг ойлгуулахад оршдог байна.
Аяллын хямд тийз, өвлийн аяллын маршрут, аялах гэж байгаа улсынхаа визний талаар зөвлөгөө мэдээлэл үнэгүй авахыг хүсвэл Сүхбаатарын талбайгаар зочлоорой.


