Хэнтий аймгийн нийтийн албан тушаалтан А.Б төрийн байгууллагад ажиллаж байхдаа 2022.04.13-нд Б/28 тоот тушаал гарган, иргэн А.О-ийг албан тушаалд томилжээ. Ажилд авсан хүн нь ажиллаагүй байхад түүнд 15 сарын цалин хэмээн 17 сая 939 мянга 540 төгрөгийн цалин олгосон байна. Түүний нийгмийн даатгалын шимтгэлд 2.904.435 төгрөгийг байгууллагын төсвөөс төлжээ.
А.Б үүгээр зогсохгүй Г.О-ыг 2022.09.19-нд Б/67 тоот тушаалаар ажилд томилж, түүнийг ажиллаагүй 14 сарын хугацаанд 22.730.201 төгрөгийн цалин бодож, байгууллагын төсвөөс 3.503.072 төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд төлжээ. Энэ хэргийг тэрээр байгууллагынхаа нягтлан бодогч Э.О-тай нийлж хийсэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдоод байна.
Энэ хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газарт шилжүүлжээ. Прокурор тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх 2025.09.30-нд урьдчилсан хэлэлцүүлэг хийн, уг хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоохын тулд А.Б, Э.О нарын дансны зарлагын гүйлгээг шалгах, эдийн засгийн нэмэлт шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авах зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг шүүх хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа дутуу, шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзээд хэргийг прокурорт буцаалаа.
Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, хэрхэн хамтран оролцсон, хохирлын хэмжээг бүрэн, зөв тогтоогоогүй, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хэргийн бодит байдлыг бодитойгоор тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ.
Тухайлбал, прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог. Прокурорын хяналт доор мөрдөн шалгах байгууллага хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэх хуулийн зохицуулалтай. Шүүх уг ажиллагааг бие даан явуулах эрхгүй. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан гэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч М.Энхмандах мэдээллээ.