Монголын уул уурхайн үндэсний ассоциац болон гишүүн байгууллагуудын хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах менежерүүд ажил олгогчийг төлөөлж “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээр”-т оролцож байна.
Өмнөх геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг талууд энэ онд анх удаа дүгнэн баталгаажуулсан. Үүний үндсэн дээр МУУҮА-ийн зүгээс цаашид анхаарах асуудлууд болон хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай заалтуудыг илүү боловсронгуй болгох хэрэгтэйг онцлов. Мөн салбарын бүх шатны аж ахуй нэгж, байгууллагыг хэлэлцээрт хамруулж, хэрэгжилтийг хангуулахад талуудын хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухлыг тэмдэглэлээ.
Хэлэлцээр ирэх долоо хоногт үргэлжилж, зарчмын зөрүүтэй болон найруулгыг өөрчлөх шаардлагатай заалтуудыг дахин хэлэлцэх юм. Тус хэлэлцээрээр ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг хангах, нөгөө талаас ажил олгогчийн тогтвортой үйл ажиллагааг хангах, улмаар салбарын хөгжилд нийцсэн бодлогын зөвшилцөлд хүрэхийг зорьж байна.