Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

АМНАТ улс төрийн тоглоом болж хувирлаа. МАН-ын даргын сонгууль улс төрийн хямрал руу гулсах шинжтэй болов. УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн хоёрыг огцруулах тухай албан бичиг барьсан гишүүдийн ээлж дараалсан мэдэгдэл нэг л зүйлийг тойрч эргэлдэнэ. Тэр бол АМНАТ. Засгийн газрын 55 дугаар тогтоол ч гэж хэлж болно.

Эдгээр мэдэгдлийг чих тавин сонсвол ард түмний нэр барьчихаад ард түмнээ мунхруулах гэж оролдох богино зайн улс төр гэлтэй. Хийсэн зүйлгүй, хэлэх үггүй болохдоо нохойд барьдаг мод шиг АМНАТ-ыг өмнөө барин, өөр өөрсдийнхөөрөө мушгин гуйвуулж, тайлбарлах аядаж байна. Ерөөсөө улс төрийн халуун сэдэв нүүрсний хулгай л юм байна. Бүр сүүлдээ АМНАТ гэдэг үгийн утгыг тайлбарлах л дутаж гэнэ. Уг нь АМНАТ улс төрийн тоглоом биш, улс орны хувь заяаг шийдсэн томоохон бодлогын өөрчлөлт юм.

Монгол Улсын нийт мөнгөн урсгалын 90 хувь эрдэс баялгийн салбараас бүрддэг. Зөвхөн 2024 онд 10,3 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.

АМНАТ тооцох аргачлал 2021 оноос эхтэй. Монгол Улс ашигт малтмалаа 2023 оноос эхлэн биржээр арилждаг болсон. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд олборлосон ашигт малтмалаа зөвхөн биржээр арилжахаар зохицуулсан. Харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ашигт малтмалаа биржээр арилжих эсэх нь өөрсдийнх нь асуудал.

АМНАТ улс төрийн тоглоом биш, улс орны хувь заяаг шийдсэн томоохон бодлогын өөрчлөлт юм

Нүүрсээ биржээр борлуулж эхэлснээс хойш улсын сан арвижиж, Баялгийн санд мөнгө хуримтлуулах боломжтой болов. Ил тод байдал сайжирч, хамгийн гол нь нүүрсээ бодит үнээр борлуулах нөхцөл бүрдсэн юм. Хуучин ам нөхцөлөөр борлуулдаг байсан нүүрсээ хил нөхцөлөөр зарж эхэлснээр ашигтай ажиллаж эхэлсэн байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам” баталсан юм. Өмнө нь БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллароор борлуулж байсан бол уг журам гарснаар хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 179.1 ам.доллароор борлуулж, улсаараа баярлаж байсан цаг саяхан. Бүр нүүрсний хулгайг таслан зогсоосон хэмээн тухайн үеийн Засгийн тэргүүн цан цохиж байлаа. Ингэснээр өндөр үнээр ашигт малтмалаа зарж, улсын санд төвлөрөх татварын орлого ч өссөн.

Өмнө нь байдал эсрэгээрээ байв. Ердөө хоёрхон жилийн өмнө Засгийн газрын 465 дугаар тогтоолын дагуу аж ахуйн нэгжүүд борлуулсан ашигт малтмалынхаа АМНАТ-ыг тогтоосон үнээс тооцож төлдөг байлаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аж ахуйн нэгжүүд олоогүй орлогоосоо татвар бодуулж хохирдог байв. Үнэн чанартаа мачийтал ажилласан компаниуд бүсээ чангалж, нүүрсний хулгайч, нүүрс тээврийн машинтай гарууд л ар хударгаар нь өм цөм баяжиж, улсад татвар төлдөггүй гаж тогтолцоо явж ирсэн билээ.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал энэ талаар мэргэжлийн тайлбарыг өгсөн байдаг. Хятадад нүүрсний үнэ өсөхөд тээврийн хөлс дагаж өсөөд, уурхайн амны үнэ нэмэгддэггүй, эсвэл хоцорч байж багахан өсдөг. Бүр ихэнх тээвэр нь том гэрээт худалдан авагчийн өөрийнх нь оролцоотой байвал яах уу. Үнэ өсөхөд “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд алдагдалтай, том худалдан авагчид улам их ашигтай болдог. Учир нь гадаадынхан АМНАТ угаасаа төлөхгүй, ачааллыг дотоодын уурхай үүрч ирсэ. Хятад улс татвараа нэмж, хятад компани ашиг олоход, Монголын уурхай нэмэлт татвар төлж ирсэн гэсэн үг. Үүгээрээ логик зөрчилтэй, шударга бус.

Хятадад нүүрсний үнэ өсөхөд тээврийн хөлс дагаж өсөөд, уурхайн амны үнэ нэмэгддэггүй, эсвэл хоцорч байж багахан өсдөг. Бүр ихэнх тээвэр нь том гэрээт худалдан авагчийн өөрийнх нь оролцоотой байвал яах уу.

ТОВЧХОНДОО, үнэ өсөхөд Монголын борлуулалтын нийт орлого нэмэгдэхгүй ч татвар, хураамж нь нэмэгддэг хачирхалтай тогтолцоотой явж ирсэн. Иймд, нэгд нүүрсээ биржээр заръя, хоёрт тээврийг өөрсдөө хянана гэж Монгол Улс Уул уурхайн биржийн тухай хууль гаргасан” гэдгийг тун ойлгомжтой тайлбарласан байна лээ.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулах тухай хууль үйлчилж эхлэхдээ өмнө хийсэн оффтейк гэрээнүүдийг хэвээр орхиж, дахин ийм завхрал гаргуулахгүй байх талаар хаа хаанаа анхаарч ажиллахыг үүрэгдэж байв, тэр үед. Түүхэндээ анх удаа 70 сая тонн нүүрс экспортолж, төсвийн орлого давуулан биелсэн нь үнэн. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй. Мөн л хулгайч нар гараа нүүрсэнд дүрж “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ биржээр арилжиж чадахгүй, хил дээр овоорсон нүүрсээ гадагш гаргаж амжихгүй, улсын төсөв тасалдсан байдалтай болсныг өнгөрсөн зун л мэдлээ.

Ингээд шинэ Засгийн газар 55 дугаар тогтоол гаргав. Энэ тогтоол гарснаар АМНАТ-ыг биржийн үнээр тооцох нь компаниуд илүү шударга өрсөлдөж, орлого нь ил тод болж, улсын татварын орлого өсөхөд нөлөөлөх тооцоо гаргажээ. Нүүрсний АМНАТ тооцох сүүлийн өөрчлөлтөөр төр, хувийн хэвшил гэлтгүй биржээр нийт бүтээгдэхүүнийхээ 25%-иас дээш хувийг зарсан бол биржийн үнэ буюу зах зээлийн үнээс татвар ногдуулдаг болж засагдсан.

Энэ талаар салбарын сайд “Засгийн газар экспортыг нэмэх чиглэлд идэвхийлэн ажиллаж буйг тэмдэглээд, уурхайн амны гэрээгээр экспортлох нүүрс нийт экспортын 80 орчим хувь байсныг 50%, биржээр арилжсан нүүрсний экспортыг 50% байхаар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд биржээр борлуулсан нүүрсний экспорт шат дараатайгаар өсөх болсон. Биржээр арилжсан нүүрсний экспортод ногдох АМНАТ-н орлого улсын төсөвт шууд орж ирдгээрээ ихээхэн давуу талтай” гэж тайлбарлалаа.

Зөвхөн биржийн үнээс гадна цаашлаад гэрээний үнээс татвар ногдуулах нь зөв байж болно. Биржээр борлуулсан үнээс нь АМНАТ тооцсоноор улсын орлого шууд утгаараа өсөхийг эдийн засагчид хэлж байна.

Ерөөс биржээр нүүрс борлуулах шийдвэр бол Монголын төрд нүүрлэсэн хулгайн мөрийг таслан зогсоосон эхний алхам байсан юм. Гэтэл уг хуулийг эргэн харъя, биржээр нүүрс борлуулах нь буруу шахуу байна гэсэн бор шувууг нисгэж эхэллээ. Бүр ээлж дараалан мэдэгдэл хийж, улс төрийн шоу болгохыг зорьж байна. Үүний цаана хэдхэн бүлэглэлийн нүүрс хулгайлах санаархал нуугдаж байгаа гэж хардах эрх монголчуудад бий.

Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулж, түүнээс олох орлого нь өсөж байвал бидэнд л ашигтай.

- Шинэ
- Хандалттай