Зам, тээврийн салбарын хяналтын газраас Ховд аймагт улс хоорондын ачаа, зорчигч, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг есөн аж ахуйн нэгж, байгууллагад хийж гүйцэтгэжээ.
Салбарын хяналтын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн, бүтэн байдлыг шалгадаггүй, тээвэрлэлтийн болон техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр ачаа, зорчигчийг тээвэрлэсэн зөрчил илэрчээ.
Мэргэжлийн инженер техникийн ажилтангүй, засвар үйлчилгээ хийх ажлын байргүй, техникийн үйлчилгээ засварын ажлыг тогтоосон горимын дагуу хийж албадан хийж гүйцэтгэдэггүй, жолоочийн хөдөлмөр амралтын горимыг мөрдүүлээгүй, тээвэрлэлтийн анхан шатны баримт бичгийн бүрдүүлэлтгүй, улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврын биелүүлээгүй зэрэг нийтлэг 126 зөрчлийг илрүүлсэн байна.
Шалгалтаар Улс хоорондын ачаа тээврийн “Булган гол транс”, “Бадамлаххөшөөт”, “Алтайн даваа” , “Баянголын хүлгүүд” компани, хот хоорондын “Цастын хүлгүүд” компани, орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Батхөсөгтөн” компани, Жаргалант сумын ЗДТГ-т /хүүхэд тээвэрлэх/ үйлчилгээг уг зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоохоор улсын ахлах байцаагчийн 28 заалт бүхий 8 акт үйлджээ.
Улсын хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Байшинт ямаан ус” ХХК-д зөрчлийг арилгуулахаар 13 заалт бүхий улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна.