2007 он: Монгол Улс анх удаа хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлж, 0-18 насны хүүхэд бүрт төрөөс 3000 төгрөг олгож эхэлсэн.
2012 он: “Хүний хөгжил” сангаас 0-18 насны хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгож эхлэв.
2016 он: Хүүхдийн мөнгийг 0-18 насны бүх хүүхдэд ялгаваргүйгээр олгохоор болов.
2019 он: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан бүх хүнд өгч эхэллээ.
2020 он: Хүүхдийн мөнгөний дэмжлэгийг 30 мянган төгрөг болгов.
2020 он: Засгийн газрын 5 дугаар сарын 6-ны хуралдаанаар хүүхдийн мөнгөн дэмжлэгийг 100 мянган төгрөг болгов.
Одоогийн байдлаар хүүхдийн мөнгөн дэмжлэгийг хүүхэд багачуудын 67 хувь нь бэлнээр авч ашиглаж буй бол 33 хувь нь хадгаламжид хийж байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг манайхан халамж мэтээр ойлгож ирсэн. Угтаа бол халамж бус тэтгэмж. Үгийн утгыг хөөсөн ч тэнгэр газар шиг зөрүүтэй ойлголт юм л даа. Ойрын өдрүүдэд нийгмийн сүлжээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг амь зуух мөнгө, архичин тамхичны амьжиргаа мэтээр ярьж, бичих нь элбэгшлээ. Угтаа бол тийм биш. Монголын ирээдүйн төлөө хийж буй хөрөнгө оруулалт.
2007 оноос олгож эхэлсэн хүүхдийн мөнгө үүргээ гүйцэтгэсэн үү гэвэл, тийм. Тэр цаг үеэс хойш хамгийн наад захын жишээ дурдахад траншейны хүүхдүүд бараг байхгүйтэй адил болсон явдлыг нэрлэж болно. Хүүхдээ гудамжинд гаргаж хаяхаас хүүхдийн мөнгө аварсан хэрэг.
Харин одоо хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдэд нь зориулдаг болгож өөрчлөх ёстой юм. Бүтэн өнчин, хагас өнчин хүүхдүүдэд ямар нэгэн шалгуургүйгээр олгоё. Бусдад нь шүүлтүүртэй хандъя л даа.
Нэгдүгээрт, хүүхдийн мөнгөө бүрэн авахын тулд тухайн эцэг, эх улсад дор хаяж 6 сар ажилласан байх шалгуур тавьж болно. Үгүй ядахдаа хагас цагаар ажиллаж, түүнийгээ нотолж байж хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй болгоё. Үнэндээ хүүхдийн мөнгө тойрсон асуудал архидалт, амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болдог тухай дийлэнх нь ам уралдан ярьж, хэлж, бичиж. Тэгвэл ажилгүйдэл, архидалтыг таслан зогсоох боломж бас байгаа юм биш үү.
Улсад их, бага нь хамаагүй татвар төлж, ажиллаж байгаа хүмүүст хүүхдээ хөгжүүлэх нэмэлт тэтгэмжийг олгодог байвал ажилгүйдэл ч буурна, ажил хийх хүн ч их олдоно. Өнөөдөр ажил хийх хүн олдохгүй, ажил олгогч нар үгээ хэлж байна.
Хоёрдугаарт, хүүхдийн мөнгөн тэтгэмж хүн ам зүйн бодлого байдаг. Төрөлтийг дэмжиж гэмээнэ улс орны ирээдүй улам батжиж байх бичигдээгүй хуультай. Нэгэнт төрөлт багасан, хүн амын цонх үе ирвэл маш аюултай зүйл болдгийг, тэр алдааг засахын тулд дор хаяж 20-30 жил шаардагддагийг судлаачид хэлдэг.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зөвхөн манай улсад л ашигладаг юм биш. Дэлхийн ихэнх улс хүүхдийн мөнгө олгодог байна.
Герман: Айлын ууган болон хоёр дахь хүүхэд бүрт сар бүр 194 евро өгдөг. Гурав дахь хүүхдэд 200 евро, дөрөв дэхэд 225 евро олгоно.
Турк: Хүүхэд төрүүлэх бүртээ нэг удаа тэтгэмж авна. Эхний хүүхдэд 300 турк лира (€45.21), хоёр дахь хүүхдэд 400 (€60.28), дараагийн хүүхдэд 600 (€90.43) өгдөг. Мөн сар бүр 122 лира авдаг. Хүүхдийн мөнгө авахын тулд эцэг эхийн аль нэг нь дор хаяж дөрвөн сар ажилласан байх ёстой.
Их Британи: 16 нас хүртэл долоо хоногт 20.70 фунт стерлинг (23.16 евро) өгнө. Хүүхэд бүтэн цагийн боловсрол, сургалтад хамрагдах юм бол 20 нас хүртэл энэ тэтгэмжээ авна. Гэхдээ эцэг эхийн аль нэг даатгалаа заавал төлсөн байх ёстой. 2014 оны 7-р сарын 1-нээс хойш Их Британид цагаачилсан бол хүүхдийн мөнгө авахаас өмнө гурван сар ажилласан байхыг шаарддаг.
Ирланд: Хүүхэд бүтэн цагаар суралцдаг, сургалтад хамрагдаж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй, өөрийгөө тэжээх боломжгүй бол 16 эсвэл 18 нас хүртэл нь хүүхэд бүрт сар бүр 140 евро тогтмол олгодог.
Дани: Хүүхэд бүрт мөнгөн дэмжлэг үзүүлэх бөгөөд 17 нас хүртлээ авна. Төлбөр нь улирал тутамд 4,506 крон (605 евро)-аас улиралд 2,808 крон (377 евро) хүртэл байдаг. Тэтгэмж нь хүлээн авагчдын орлогоос хамаардаг. Хэрэв эцэг эх нь жилд 765,800 крон (102,730 евро)-оос дээш орлого олдог бол тэтгэмжийн хэмжээ буурна.
2017 онд Дани улс хүүхдийн тэтгэмж авахыг хүссэн Европын холбооны иргэдэд зориулсан журмаа чангатгажээ. Эцэг эх нь зургаан жил ажилласан, татвараа бүрэн төлсөн байх ёстой.
Франц: Хоёр дахь хүүхдээс эхлэн сар бүр хүүхдийн тэтгэмж авдаг. Хоёр хүүхэдтэй бол 131.16 евро, гурван хүүхэдтэй бол 299.2 евро, дараагийн хүүхэд бүрт 168.04 евро нэмэгдэнэ.
Испани: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд төрөхөд нэг удаа 900 евро олгодог. Энэ нь тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялддаг байна. Хоёр дахь хүүхдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин, гурав дахь хүүхдэд найм дахин, дөрөв ба түүнээс дээш хүүхдэд 12 дахин нэмж олгодог. Гадаадын болон цагаач иргэд энэ мөнгийг авахын тулд Испанид байнга оршин суугч байх ёстой.
Орос: 453,000 рубль буюу 5,850 еврогийн тэтгэмж олгоно. Энэ нь хаана оршин сууж байгаагаас хамаарч өөрчлөгдөнө. Москвад сар бүр 20-200 еврогийн хооронд хэлбэлздэг. Гадаадын иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эрхгүй ч эрүүл мэндийн даатгалтай бол хүүхэд төрөхөд орлогод суурилсан тэтгэмж авах боломжтой.
Хятад: 2026 оноос шинээр төрсөн хүүхэд бүрт 6 нас хүртэл жил бүр 500 доллар өгнө.
Украин: Украинд хүүхэд бүр 1300 евро авдаг. Төлбөрийг гурван жилээр сунгаж, жилээс хамааран өөр өөр хэмжээгээр хувааж авна.
Эх сурвалж: Euro news